Syndicate content

Add new comment

Монгол: 20 хувийн өсөлт бүхий эдийн засгийн эрсдэл нь юу вэ?

Rogier van den Brink's picture

Available in English

 Мөнхийн хөх тэнгэртэй Монгол орноос чимэгтэй сайхан мэдээнүүд сонсогдож эхэллээ.  Энэ оны гуравдугаар улиралд эдийн засаг 20.8 хувь өсч, хоёрдугаар улиралын 17.3 хувийн өсөлтийг ч гүйцсэн нь урьд өмнө байгаагүй эдийн засгийн тэсрэлтийг бий болголоо ( өмнөх жилийн мөн үетэй харьцуулсан өсөлт). Энэ өсөлт нь уул уурхайн салбар, ялангуяа 2012 онд үйлдвэрлэлт нь эхлэх алт зэсний дэлхийн хэмжээний орд болох Оюу толгойгоос үүдэлтэй ч бусад олон жижиг уул уурхайнууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа учир хамрах хүрээ нь өргөн байна. Үйлдвэрлэлийн салбар ч сайн байна.

Бусад сайн мэдээнүүдийн хувьд, ажилгүйдлийн түвшин буурч байна. Нөгөөтэйгүүр энэхүү өсөлт үргэлжилбэл ядуурлын түвшин ч нилээд буурахаар байна.

Эдгээр сайн мэдээнүүдийн хажуугаар саар зүйлүүд бас гарч байна. Дэлхийн эдийн засаг эрсдэлтэй байна. Эргэн санахад хамгийн сүүлийн (2008/09) эдийн засгийн хямрал болоход Монгол Улс жижиг, уул уурхайн салбарт тулгуурласан мөн нээлттэй эдийн засагтай улсын хувьд хамгийн хүндээр нэрвэгдсэн орнуудын нэг болж байсан. Эрдэсийн түүхийн эдийн үнэ ихээхэн өөрчлөгдөхөд улсын төсөвт нь шууд нөлөөлдөг. Мөн эрдэсийн баялагаа олборлоход шаардлагатай байгууламжийг барих, олборлосон түүхий эдээ зах зээл дээр гаргахад ихээхэн хэмжээний зээл авах хэрэгтэй байгаа үед санхүүгийн зах зээл дээрх бондын хөрөнгө оруулалтын үнэ ихээхэн өсөж байгаа нь сайн мэдээ биш. Эцэст нь Монгол Улсын экспортын барааны гол хэрэглэгч нь Хятад улс. Хятадын өсөлт саарахад Монголд маш түргэн мэдрэгддэг.  Эрдэсийн түүхийн эдийн үнэ бас буураад эхэлчихсэн байдаг.

View the slideshow: Mongolia's Economic Growth Accelerates
View the slideshow: Mongolia's Economic Growth Accelerates

Инфляцын төвшин 9 сард 11.9 хувь, 10 сарын байдлаар 12.6 хувь байна. Хэрвээ үнийн хувьд хэлбэлзэлтэй байгаа хүнсний бүтээгдэхүүний инфляцыг оруулахгүйгээр суурь инфляцыг авч үзвэл жилийн туршид сэтгэл зовоох хэмжээнд өсч байна. Энэ нь эдийн засаг хэт халж байгааг харуулж байна. Ер нь төрийн болоод хувийн хэвшлүүд улсынхаа эдийн засгийн шингээх чадавхиас илүүтэйгээр хурдтай байна. Мөн хүн бүрт олгож буй бэлэн мөнгө инфляцыг ихээхэн хөөрөгдөж байна. 2008 оны сонгуулиар улс төрийн гол намуудын уул уурхайн ашигаас иргэн бүрт хишиг хүртээнэ гэсэн амлалтыг биелүүлэх зорилгоор засгийн газар ард түмэндээ бэлэн мөнгө тарааж байна. Туршлагатай улс төрчид инфляцыг хөөрөгдөж буй бэлэн мөнгөний амлалт дахин давтагдахгүй гэдгийг өөртөө болон олон түмэнд зарлан хэлж байна. Гэсэн хэдий ч дараа жил сонгууль болно. Улс төрчид, урьдын амлалтаа эхлээд биелүүлэх нь чухал, тэгээд бид сонгуулийн дараа бэлэн мөнгө өгөхөө зогсооно гэж байна. Гэвч, цаг хугацаа бүхнийг харуулна.

Монголын телевизүүдээр инфляци өсч байгаа, дундаж орлоготой иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар мэдээ, ярилцлагууд өргөнөөр гарч байна.  Бага орлоготой хүмүүсийн амьжиргааг тодорхойлохын тулд бид албан бус ажиллагсадын дунд судалгаа тогтмол хийдэг. Сүүлийн судалгаанаас үзэхэд эдгээр хүмүүсийн олж буй орлого нь тэдний суурь хэрэгцээг нь хангахааргүй хэмжээнд болсон байна.

Харин 2012 оны төсөвт ядууст чиглэсэн халамжийн хөтөлбөрийг (Дэлхийн Банк болон Азийн Хөгжлийн Банкны туслалцаатай боловсруулсан) суулгаж өгсөн нь сайшаалтай.  Ийм халамжийн багц нь хэцүү үед ядуу, орлого багатай иргэдийг хамгаалж , амьжиргааг нь дэмжихэд ихээхэн ач холбогдолтой. Ийм хөтөлбөр эдийн засгийн өмнөх хямралын үед огт байгаагүй болно.

Бодлого боловсруулагчид өсч буй инфляцийн талаар ямар арга хэмжээ авч байна вэ? Хэт хурдацтай өсч буй Монголын эдийн засгийн жолоог татахын тулд Засгийн Газар, Монгол Банк хоорондоо харилцан уялдаатай ажиллах хэрэгтэй.

Монгол Банкны зүгээс энэ жилд мөнгөний бодлогын хүүг 3 удаа нэмж, нөөцийн хэмжээг 2 удаа шинэчилсэн нь зөв бодлого. Харин энэ алхамууд нь төв банкны ерөнхийлөгчийн нэр хүндийг тодорхой хүрээнд унахад нөлөөлсөн.   Гэхдээ эдгээр хязгаарлалтуудыг авч хэрэгжүүлээгүй бол инфляциин түвшин илүү өндөр байх байлаа.  Суурь инфляц ийнхүү байнга өсөж байгаа энэ үед төв банкны бодлого хангалтгүй байгаа нь илэрхий байна. Иймд мөнгөний бодлогыг цаашид илүү чангалах шаардлагатай.

Засгийн Газрын хувьд эсрэг зүг рүү чиглэсэн бодлого барин ажиллаж байгаа нь ажиглагдаж байна. 2011 оны төсвийн зарлага 2010 оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулахад 32 хувиар нэмэгдсэн. Дээр нь саяхан батлагдсан төсвийн тодотголоор 20 хувийн зардал нэмжээ. Харин одоо УИХ-р хэлэлцэгдэж буй 2012 оны төсвийн зарлагын хэмжээ урьд хожид байгаагүй их тоогоор яригдаж байна.

Нарийвчлан тоо дурьдалгүйгээр 2012 оны төсөвийг ерөнхийд нь дүгнэн хэлэхэд энэхүү төсөв нь ДНБ-ийн өсөлт, орлого, зарлагын хувьд хэт өөдрөг төсөөлөл дээр тулгуурлагдан хийгдсэн байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсээр байх уу? Чадлынхаа дээд хэмжээгээр ажиллаж байгаа уул уурхайн салбар цаашид өссөөр байж чадах уу? Төсвийн хөрөнгө оруулалт маш хурднаар өсч чадах уу? Энэ үнэхээр боломжтой юу? Эдийн засгийн ажиглагчид 2010 онд баталсан төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн гол дүрмүүдийг ашиглан төсвийн зардлыг багасгаж,  төсвийн ухаалаг бодлого явуулж, сонгуультай  хутгахгүй байгаасай хэмээн хүсч байна.

2010 онд төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ-ын гишүүдийн дийлэнх олонхийн саналаар баталсан. Энэ хуульд төсвийн 3 гол дүрэм тусгагдсан. Эдгээр нь уул уурхайгаас орж ирсэн илүү орлогоо хадгалах, хэт зээлэхээс сэргийлэх, хэт бүү үрэх гэсэн энгийн бөгөөд чухал дүрмүүд.  Төсвийн эдгээр дүрмүүдийг хуулинд тусгахад Дэлхийн Банк туслалцаа үзүүлсэн бөгөөд энэ нь ОУВС-гаас хэрэгжүүлсэн стэнд- бай хөтөлбөрийн суурь нөхцөл болж, амжилттай баталсан.  Бидний зүгээс Их хурлын гишүүд, төрийн албан хаагчдыг хэд хэдэн орны туршлагуудтай танилцуулсан. Эдгээр улсуудын нэг болох зэсийн үйлдвэрлэлийг чадварлаг удирдан явуулж буй Чили улс уруу 2 удаа айлчилсан.

Энэхүү хуулийн дагуу төсвийн дүрмүүд нь тодорхой хугацаанд бүрэн хэрэгжиж эхлэхээр байгаа. Харин уул уурхай ашигтай байхад хадгалах хэрэгтэй гэсэн дүрэм нь энэ жилээс үйл ажил болох шаарлагатай байна. Гэлээ ч энэ жилийн эдийн засгийн өсөлт олон салбарыг хамар ч байгаа ба “гэнэтийн орлого “ нь зөвхөн дан ганц уул уурхайн салбараас биш юм.

Эдийн засгийн энэхүү байдалд бид ямар зөвлөгөө өгөх вэ? Дэлхийн эдийн засаг эрсдэлтэй, Хятадын хөгжил суларч , эрдэсийн түүхийн эдийн үнэ буурч байгаа болон эдийн засаг дэндүү халж байгаа өнөөгийн нөхцөлд хуулиар батлагдсан төсвийн дүрмүүдийн үзэл санааг одоо хэрэгжүүлж эхлэх нь зөв. Учир нь саяханы гашуун туршлага, өөрчлөлтийг хойшлуулалгүй сайн цагт хийж эхлэх хэрэгтэйг сануулж байна. Учир нь хойш тавьсан тэр өдөр нь  Монголын мөнхийн хөх тэнгэрт хар үүлс хуралдаж болох юм.