Syndicate content

Add new comment

Харин Сингапурын тухайд та юу хэлэх вэ? Дэлхийн хамгийн шилдэг нийтийн орон сууцны хөтөлбөрийн сургамж

Abhas Jha's picture
Also available in: 中文
English Photo of Singapore by Lois Goh / World Bank

Ирэх долоо хоногт Куала Лумпур хотод болох Дэлхийн хотуудын 9-р чуулга уулзалт ойртож байгаатай холбогдуулан дэлхийн улс орнуудын төр, засгийн газрууд Шинэ Хот Суурин Газрын Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй гол сорилтуудын нэг бол тогтвортой хот, суурин газрыг бий болгоход чиглэсэн Тогтвортой Хөгжлийн 11 дэхь Зорилтын (ТХЗ) гол бүрэлдэхүүн болох чанартай, хямд төсөр орон сууцаар хангах явдал юм.
 
Латин Америкт хямд төсөр орон сууцны хөтөлбөрийн чиглэлээр ажиллаж байхдаа бидний зүгээс төр, засгийн газар өөрөө орон сууцаа барьж байгуулах нь оновчтой шийдэл биш гэж үйлчлүүлэгчиддээ байнга зөвлөсөн байдаг. Харин Дэлхийн Банкны нэртэй эдийн засагч Стив Мейогийн (харамсалтай нь агсан) хэлсэнчлэн орон сууцны зах зээл өөрөө ажиллах боломжийг бид олгох ёстой ажээ. Үүний хариуд манай үйлчлүүлэгчид "Тэгвэл Сингапурын тухайд та юу хэлэх вэ?" гэж байнга асуудаг. Сингапурын хувьд бол маш өвөрмөц онцгой, дахин давтагдашгүй гэж бид хариулдаг.

[Дэлхийн Хотуудын Чуулга Уулзалтанд Дэлхийн Банк оролцсон талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү. ]
 
Хоёр жил хагасын турш гоёмсог улаан-цэг шиг байшингуудтай хотод амьдарч, Сингапурт төрөөс барьж байгуулсан нийтийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж буй туршлагыг ойроос харж байсан хүний хувьд хэлэхэд Сингапурын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлага, элементүүд нь алсын хараатай, холч бодлоготойгоос гадна дахин давтан хэрэгжүүлж болох зэргийг нь хэн ч хараад цочирдон гайхширмаар!
 
Сингапурын засаглалын философийг “алсын хараатай бодох, дахин эргэцүүлж бодох, хайрцагнаасаа гарч бүтээлчээр сэтгэх” гэж томъёолсон нь нийтэд алдаршсан байдаг.  Үндэсний орон сууцны хөтөлбөрийг улс орны удирдагчид хэрхэн боловсруулж, өнгөрсөн жилүүдэд өөрчлөгдөж буй нөхцөл байдал, эрэлт хэрэгцээнд тулгуурлан түүнийг хэрхэн өөрчилж байсныг энэ тодорхойлолтоос өөр тодорхой харуулах зүйл үгүй.

Өнөөдөр итгэхэд хэцүү байгаа ч 1947 онд Их Британий орон сууцны хорооны мэдээлснээр Сингапурын нийт 938,000 хүн амын 72% нь хотын төв хэсгийг бүрдүүлэх 80 квадрат километр газар нутагт амьдарч байжээ. 1959 онд Сингапур тусгаар тогтносон улс болоход Сингапур улсын нийт хүн амын 9% нь л нийтийн орон сууцанд амьдарч байжээ. Өнөөдөр Сингапурын нийт хүн амын 80% нь төрөөс барьсан орон сууцанд амьдарч байна. Эдүгээ, Сингапур хотын далайн эргийн эргэн тойронд байрлах 23 бие даасан шинэ хот суурингуудад Орон Сууцжуулалт ба Хөгжлийн Зөвлөлийн (ОСХЗ) нэг сая орчим байр бий.
 
Олон улс оронд хэрэгжүүлж чадаагүй байхад Сингапур улс хэрхэн амжилтанд хүрэв?  Хэтэрхий хялбарчлан тайлбарласан байх эрсдэлтэй ч энэхүү гайхалтай амжилтанд хүргэсэн дөрвөн чухал бүрэлдэхүүн байх шиг санагддаг:

1. Хөршийн ач холбогдол

Стэнфордын эдийн засагч Раж Четти болон бусад эдийн засагчдын хийсэн сүүлийн үеийн судалгаанд оролцоот, тогтвортой хот суурин газрын загварыг бий болгохын тулд нэг хороололд амьдрах хөршийн харилцааны загварыг оршин суугчдын оролцоотойгоор доороос дээш чиглэн нягт няхуур боловсруулах нь маш чухал! гэж хот суурин газрын олон мэргэжилтнүүдийн таамаглаж байсан асуудлыг онцгой ач холбогдолтой гэж цохон тэмдэглэжээ.

Хот суурин газрын нийтийн орон сууцны загварыг муу боловсруулсан жишээнүүд олон байдаг ба (Нью Йорк хотын муу нэрээрээ цоллуулсан төслүүд болон Парис хотын захын хорооллууд) тэдгээр нь нийгмийн тэгш бус байдлыг гүнзгийрүүлэх, нэмэгдүүлэх, улмаар нийгмийн тогтворгүй байдлыг бий болгоход хүргэх ядуусын хорооллыг бий болгодог. Эдгээрийн ихэнхийг нураах шаардлагатай болж байсан.

Сингапур энэхүү бодит суурь зарчмыг эртнээс ойлгожээ. Орон сууцны хорооллыг янз бүрийн түвшний орлоготой иргэдэд зориулан холимог байдлаар шийдэх, орон сууцны хорооллын иргэдэд боловсрол ба нийтийн тээврийн чанартай үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, орлогын бүх түвшний ангилал, янз бүрийн үндэстэн ястан уулзаж хөгжилдөх, тоглох, амттай бөгөөд хямд үнэтэй хоол хамтдаа идэж цагийг зугаатай өнгөрүүлдэг Сингапурын алдартай гудамжны худалдааны төвүүдийг барих загварыг няхуур бодож боловсруулсан байдаг. Гудамжны худалдааны эдгээр төвүүдийн хоёр нь олон улсад нэр хүнд бүхий хоолны газрын үнэлгээ болох Мичелины одонтой!

Орон сууцны хороолол нь "кампонг" буюу нийгмийн харилцаа, хэлхээ холбоог дэмжих, айл хөршүүд хоорондоо харилцах боломжийг бүрдүүлэх "сул орон зай" (ОСХЗ-ийн байрны нэгдүгээр давхарын орон зайг сул үлдээж гаргасан арк), нийтэд зориулсан корридор (нэг давхрын айлууд хоорондоо харилцах боломжийг олгосон нийтэд зориулсан корридор) зэргийг барилгын загварт тусган оруулжээ.

[Сингапур улсад оролцоот хөршийн харилцааг бий болгох загварын зарчмуудын талаар Шадар сайд Тарман Шанмугаратнамын илтгэсэн гайхамшигтай яриаг эндээс үзнэ үү.]

2. Хотын нягтралыг ухаалгаар ашиглах

Газар хязгаарлагдмал учраас Сингапурын төлөвлөгчид анхнаасаа өндөр барилга барих загварыг сонгосoн байна. Үүний үр дүнд Сингапур дэлхийн хамгийн өндөр нягтралтай хот болжээ. Гэхдээ л Сингапур амьдрахад хамгийн тохиромжтой хотуудын жагсаалтанд байнга дээгүүрт ордог байна.

Ингэхдээ барилга бүрийн өндөр ба хэмжээг зэргэлдээх барилгуудтай уялдаатай байхаар сайтар төлөвлөдөг байна. Сингапурын хот суурин газрын домогт төлөвлөгч Доктор Лию Тай Кер үүнийг шатрын хөлөг дээрх хоёр шатар хэзээ ч ижил өндөртэй байдаггүйтэй зүйрлэсэн байдаг.

Байшин барилгуудын хооронд сайн тохижилт бүхий чөлөөт ногоон бүс бий болгосон байдаг. Ерөнхий сайд Ли Кван Юу анхнаасаа Сингапурыг цэцэрлэгжсэн ногоон хот болгоход ихээхэн анхаарч байсан юм.
 
3. Орон сууцжуулах хөтөлбөрийн цогц, нэгдсэн арга барилтөлөвлөлтөөс загвар дизайн боловсруулах, газар бүрдүүлэх ба барилгын ажил, улмаар менежмент ба засвар үйлчилгээ 

Орон сууцжуулалт ба хөгжлийн тухай хуулийн (1960) хүрээнд орон сууцны үнэ цэнийн сүлжээнд тэргүүлэх үүрэгтэй орон сууцны хэрэг эрхлэх агентлаг болох Орон Сууцжуулалт ба Хөгжлийн Зөвлөлийг байгуулжээ. Ихэнх улс орны хувьд хямт төсөр орон сууцны зориулалтаар ашиглах газрын хүртээмж хязгаарлагдмал байдаг. Сингапур Улс 1967 онд Газар чөлөөлөх тухай хууль баталсан нь нийтийн хэрэгцээнд зориулан газрыг бага өртөг зардлаар чөлөөлж авах боломжийг олгосон юм.

1965 онд нийт газрын 49 хувийг төр эзэмшиж байсан бол эдүгээ газрын 90 хувийг төр эзэмшиж байна. Барилгын менежментийг стандартчилах, үр ашгийг дээшлүүлэхэд онцгойлон анхаарчээ.

Жишээ нь, тогтмол сайн гүйцэтгэлтэй ажилладаг гүйцэтгэгчдийг чанарын одонгор шагнадаг байна. Харин тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээнд ийм гүйцэтгэгчид шагнуулсан одон тус бүрийнхээ тоогоор тендер шалгаруулалтанд 0.5% -ийн давуу талтай гэж үнэлэгддэг. 1982 онд “Үндсэн буюу Цөм Гүйцэтгэгчдийн Хөтөлбөр”-ийг нэвтрүүлсэн бөгөөд 500,000-аас доошгүй сингапур долларын ажил гүйцэтгэсэн ба "Чанарын Одонгийн Хөтөлбөр"-өөс таваас доошгүй одонгоор шагнуулсан гүйцэтгэгчид тодорхой заасан хугацаанд жилд төрөөс захиалан гүйцэтгүүлэх ажлын баталгааг санал болгодог байна.

"Төрөөс барьж байгуулсан нийтийн орон сууц" эсвэл "нийтийн орон сууцны хороолол" гэсэн нэр томъёог дурдахаар элэгдэж хуучирсан, арчилгаа тордолгоо муутай ядуусын хороолол санаанд буудаг. Харин Сингапурын орон сууцны хорооллын хувьд дээрх хуучинсаг төсөөллөөс хол зөрөөтэй. Орон сууцны хорооллыг маш сайн арчилж торддог. 1989 онд орон нутгийн сонгогдсон төлөөлөгчид, оршин суугчид орон сууцны өмч хөрөнгөө өөрсдөө удирдан авч явах эрх мэдлийг олгох зорилгоор Хотын Зөвлөлүүдийг байгуулсан байна. Өнөөдөр Сингапурын ОСХЗ-ийн орон сууцны хорооллуудыг удирдан зохион байгуулдаг Хотын 16 Зөвлөл бий.
 
4. Урт хугацаанд улс төрийн тогтвортой амлалт

Харвардын эдийн засагч Эд Глаесер нэгэнтээ эдийн засгийн ухаан нь стратеги бус арга аргачлалыг санал болгодог гэсэн байдаг. Ямар түвшинд дэмжлэг үзүүлэх, жишээ нь төрөөс барьж байгуулах нийтийн орон сууцанд ямар дэмжлэг үзүүлэх эсэхийг улс төр шийдэх ёстой гэсэн үг. Үүний дараа л эдийн засгийн ухаан тухайн дэмжлэгийг үзүүлэх хамгийн үр ашигтай арга замыг зөвлөж чадна. Сингапурт төрөөс барьж байгуулсан нийтийн орон сууцны салбарт үзүүлсэн олон нийтийн болон улс төрийн дэмжлэг нь маш хүчтэй, тогтвортой байна. Иймээс ч ОСХЗ-д төрөөс их хэмжээний татаас олгодог (2017 онд 1.19 тэрбум сингапур доллар олгосон байдаг).
 
Сингапурын тухай энэ өгүүлэлдээ орхигдуулсан чухал асуудал байна уу? Энэ туршлагыг бусад орнуудад дуурайлган хэрэгжүүлэх хир боломжтой гэж та бодож байна вэ? Та бүхний санал бодлыг би дуртайяа сонсмоор байна.