Syndicate content

2001: Ядуурлын талаар хамтдаа мэдэцгээе

Jim Anderson's picture
Also available in: English

Албан бус орчуулга.

Монгол Улс Дэлхийн Банкны гишүүн болсноос хойших 25 жилийн түүхээ бид эргэн харж байгаа, өнөөдөр бид 2001 оны авч үзье.

Өмнөх 2000 оны өвөл тохиолдсон зуд 2001-2002 онд дахин тохиож, олон тооны мал, хөрөнгөө  алдах магадлал байлаа. Энэ нь ойлгомжтой байлаа, учир нь, өмнөх зудны дараа малжуулах үйл явц явсан ч энэ нь хангалтгүй байсан юм. Дэлхийн Банк хөдөөгийн хүн амын амьжиргааг тогтворжуулахад чиглэсэн төслийг бэлтгэж эхэллээ. Тогтвортой амьжиргааг дэмжих төсөл нь дараагийн жилүүдэд нь дэмжигдэн батлагдаж, Дэлхийн Банк болон Монгол улсын хамтын ажиллагааны цөм хэсэг болон өнөөг хүрлээ.

2001 оны зургадугаар сард Монгол Улсын Засгийн газар Ядуурлыг бууруулах стратегийн баримт бичгээ (I-PRSP) боловсруулсан. Энэ баримт бичигт Засгийн газрын өмнө тулгараад байгаа тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхээ тусгасан. Тухайлбал, зудын хор хохиролтой тэмцэх, Азийн хямралын улмаас унаад байсан уул уурхайн бүтээгдэхүүний уналтын үед хэрхэн ажиллах, социализмаас шилжих зэрэг. I-PRSP баримт бичигт Засгийн газрын баримтлах тэргүүлэх бодлогыг “ажилгүйдлийг бууруулах, төрийн албаны менежмэнт, үндсэн үйлчилгээний хүртээмж, түгээлтийг сайжруулах, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх” хэмээн тодорхойлсон. Олон улсын хөгжлийн ассоциац болон Олон улсын валютын сангийн баг I-PRSP-ийг шинжилж үзээд Засгийн газрын бодлого нь макро эдийн засгийн тогтворжилтийг хангах, ядуурлыг бууруулах, иргэний нийгмийн болон бусад оролцогч нарыг шийдвэр гаргахад оролцуулах зэрэг асуудлыг тусгасныг өндрөөр үнэлсэн.

I-PRSP-гийн дараагаар Ядуурлыг бууруулах бүрэн хэмжээний стратегийн баримт бичиг хэрэгтэйг ойлгосон.  Хүн амын амьжиргааны стандартын үнэлэмж төсөл нь (PLSA) 2001 онд Дэлхийн Банк болон Үндэсний Статистикийн газартай хамтран хэрэгжиж эхэлсэн. Энэ төсөл нь Монгол улсын хувьд “үндэсний хэмжээнд ядуурлын түвшинг хамтын оролцоогоор ойлгох, тодорхойлох, ядууралтай тэмцэх төлөвлөгөөг хамтран боловсруулах” эхний туршлага байсан юм. 2001 оны тавдугаар сард Парис хотноо болсон Хандивлагч орнуудын зөвлөлдөх уулзалтад энэ төслийг танилцуулсан бөгөөд энэ нь Их Британийн Олон улсын хөгжлийн департамент, ЮНИСЕФ, Азийн Хөгжлийн Банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монголын Хэвлэлийн хүрээлэн, Олон улсын валютын сангийн багийн хамтын бүтээл байсан юм. 2001 оны аравдугаар сард Монголд айлчилсан Дэлхийн Банкны Ерөнхийлөгч Жэймс Вольфенсон “PLSA-гийн баримт бичгийг боловсруулахад оруулсан Монголын Үндэсний Статистикийн газрын хувь нэмрийг бахархаж байна. ...Ядуурлын түвшинг тодорхойлоход хэрэглэдэг өөрсдийн туршлагаа шинээр сурсан чадвартай хослуулсан шинэлэг хандлага нь Монгол улсын Ядуурлыг бууруулах стратегийн баримт бичигт Үндэсний Статистикийн оруулсан үнэлж баршгүй хувь нэмэр байлаа” хэмээн хэлсэн байдаг.

Эрчим хүчний салбар, тэр дундаа цахилгаан станцуудын хэвийн үйл ажиллагааг хангах, мөн энэ салбарын бодлогын асуудал их эртнээс анхаарлын төвд байсан. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Дэлхийн Банкны хамтарсан Эрчим хүчний салбарын менежмэнтийн тусалцаа хөтөлбөрийг (ESMAP) 1990-ээд оны дундуур боловсруулсан. Энэхүү баримт бичигт тэргүүлэх бодлогын чиглэлийг хөрөнгө оруулалт гэж үзсэн бөгөөд цахилгаан станцуудын нүүрсний хангамжийг дор хаяж зургаан жилийн турш тасалдуулахгүй байлгах, салбарын ирээдүйн бодлогыг тодорхойлох, хандивлагчдын тусламжийг авах гэж тусгасан. Энэ дагуу 1995-2000 оны хооронд ESMAP хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын нам даралтат зуухуудын үр ашгийг дээшлүүлэхэд техникийн тусалцаа үзүүлж, нийслэл Улаанбаатар хотын эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд ажилласан.

ESMAP хөтөлбөрийн 2001 оны тайланд нийслэл хотын эрчим хүч болон дүүргүүдийн дулаан  түгээлтийн системийг сайжруулах зөвлөмж туссан байдаг. “Улаанбаатар хотын эрчим хүчний дамжуулалт болон түгээлтийн үеийн алдагдал өсөх хандлагатай байна, 1995 онд энэ алдагдал 27 хувь байсан бол 2000 онд 30 хувь хүрлээ” хэмээн уг тайланд дүгнэсэн. Мөн уг тайланд “дүүргүүдийн халаалтын системд усны алдагдал гол асуудал хэвээр байна, энэ алдагдал олон улсын хүлээн зөвшөөрөгдөх стандарт хэмжээнээс хол зөрүүтэй байна” гэдгийг тэмдэглээд халаалт болон эрчим хүчний салбарт хийсэн дүн шинжилгээ нь буцан ирэх өгөөжийг нэмэгдүүлнэ гэсэн байдаг. Энэ тайлан тодорхой зөвлөмжүүдийг өгсөн ч эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй байсан юм. Эрчим хүчний алдагдлыг бууруулах, эрчим хүчний салбарын орлогыг нэмэгдүүлэх зорилго бүхий Эрчим хүчний төсөл 2001 онд батлагдсан юм. Энэ төсөл эрчим хүчний салбарын санхүүжилт болоод компаниудын эрчим хүч түгээлтийг илүү найдвартай болгоход чиглэсэн.
1999 оны судалгаанд үндэслэн Тээврийн салбарын хөгжлийн төсөл 2001 онд батлагдлаа. Энэ төсөл “төвөөс алслагдсан болон Монголын баруун бүс рүү хүрэх тээврийн боломжийг нэмэгдүүлэх, экспортын худалдааны төмөр замаар тээвэрлэх хүчин чадлыг дээшлүүлэх зорилготой. Мөн зам барихад дэмжлэг үзүүлэх, гэрээний менежмэнтийн сургалт явуулах, төмөр замын данс, бүртгэлийн системийг бий болгоход чиглэж байлаа. Бас “замын аюулгүй байдал, бүртгэлийн системийг хэрэгжүүлэх, тээврийн хэрэгслийг хянах, өмнө байсан хяналтын тогтолцоог ашиглан хүнд болон хөнгөн тээврийн хэрэгслүүдийг нэмэн хянах бүтцийг бий болгох” зэрэг асуудал багтсан.

Дэлхийн Банк нээлттэй, ил тод байхад онцгой анхаарсан. 2001 онд Гүйцэтгэх захирлуудын зөвлөл “мэдээлэл задлах бодлогодоо ихээхэн өөрчлөлт хийж, захирлуудын түвшний болон хөтөлбөрүүдийн их хэмжээний материалыг ил болгохоор шийдэж, Дэлхийн Банкны архивийн түүхэн баримт бичгүүдийг системтэйгээр олж авах, ашиглах боломжтой” болсон. “Баримт бичиг болон тайлан” гэсэн архивт өнөөдрийн байдлаар Монголтой холбоотой 1,066 баримт бичиг байгаа бөгөөд энэхүү баримт бичгүүд энэ блогийг хөтлөх боломжийг олгосон билээ.

Мөн 2001 онд хэдэн жилийн хайгуулийн ажлын эцэст Говийн бүс нутагт “цооног OTD-159” нэртэй орд олдсон нь одоогийн Оюутолгойн үндсэн орд байсан юм.

Дараагийн удаа бид 2002 оныг авч үзэх болно. Үүгээр бид бэлчээрийн менежмэнт болон тогтвортой амьжиргааг дэмжихэд иргэдийн оролцоо амин чухал асуудал болох талаар ярилцана.

Гантуяа Панижа, Болороо ӨщБаясгалан нартай хамтран бэлтгэв.

Add new comment