Syndicate content

2005: Байгаль орчныг хамгаалах дэмжлэгээ өргөжүүлье (бас динозаврийг)

Jim Anderson's picture
Also available in: English

Албан бус орчуулга.

Дэлхийн Банк болон Монгол улсын хоорондын хамтын ажиллагааны 25 жилийн ойг жил жилээр нь эргэн дурсаж байгаа. Энэ удаад бид 2005 оныг дурсана. Эдийн засгийн өсөлт 7.3 хувийн түвшинд байж, аж үйлдвэрийн салбар, тэр дундаа уул уурхай Монголын ДНБ-д том байр суурь эзэлсээр байлаа.

 

Байгаль орчин, байгалийн баялгийг хамгаалах сэдэв анхаарлын төвд орж ирэхийн хэрээр энэ асуудлыг шийдэхэд туслах нь 2005 оны ажил байлаа. Дэлхийн Банкны зохицуулалттайгаар  Нидерландын Засгийн газар Монгол улсын Засгийн газарт тусламж олгосон юм. Байгаль орчны шинэтгэлийн төлөөх Нидерланд-Монголын итгэлцлийн сан нь (NEMO) хэдийгээр 2005 оны эцсээр үйл ажиллагаагаа зогсоосон ч хийсэн ажил нь үр дүнтэй байсан учраас тусламжийг хэд хэдэн удаа сунгасан юм. NEMO нь Дэлхийн банкны хувьд ч, Нидерландын хувьд ч хэрэгжүүлсэн ажлын цар хүрээ, хэлбэрээрээ ач холбогдолтой байсан. Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийн тогтвортой зохицуулалтад илүүтэй анхаарч энэ асуудлаа эдийн засгийн өсөлт, ядуурлыг бууруулахтай уялдуулсан. “Байгаль орчны асуудалтай холбоотой бүх хэсгүүд, төрийн агентлагууд, ТББ-ууд, ер нь улс орны бүхий л нэгж энэ төсөлтэй ямар нэг байдлаар холбогдсон юм”.  NEMO нь хулгайн ан, хулгайн мод бэлтгэл, ойн нөөцийн газрын зураг гаргах, мод үржүүлэх, суулгах ажил, Монголын загасны нөөцийн тойм судалгааг гаргах, аялал жуулчлалын салбарын нөлөөллийн судалгаа, уул уурхайн салбарын байгаль орчин болон нийгэмд үзүүлж буй нөлөөллийн судалгаа, мөн тахь, хулангийн унаган орчинд хүмүүсийн үзүүлж байгаа нөлөөг судлах зэрэг олон ажилд техникийн тусалцаа үзүүлсэн. Мөн энэ төсөл хотын байгаль экологийн байдал, хортой, хүнд бодисын хэрэглээтэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулахад бас тусалсан.

NEMO-гийн үр дүнтэй төслийн нэг болох Жижиг тусламжийн хөтөлбөр 2010 он гэхэд 2,024 төсөл хүлээн авсанаас 184-т нь дэмжлэг олгосон, энэ дунд палентологчдын дунд алдартай Баянзагийг хамгаалах төсөл байсан. “Нутгийн малчид сайн дураараа эвлэлдэн нэгдэн эндээс олддог динозаврын өндгүүдийг арчилж, тордон хамгаалж, хоёр гэр музей байгуулж, тэндээ өөрсдийн гар урлалын зүйлсээ зарж борлуулсан”. Дэлхийн Банкны Байгаль орчны ахлах мэргэжилтэн нэгэнтээ “Жижиг тусламжууд зугаатай. Орон нутгийн жижиг ТББ болон бусад бүлгүүдэд энэ тусламжаа өгдөг, харин тэд хариуд нь өөрсдийн эрх ашигт нийцсэн төрөл бүрийн зардлаа санхүүжүүлдэг.  Харин Засгийн газар тэднийг өөрсдийн шийдвэр гаргах процессдоо үндэслэл болгон ашигладаг (заримдаа үгүй)” гэж бичсэн нь бий.

2005 оны байгаль орчны өөр нэг асуудалд хандуулсан нь Сайжруулсан зуухны тасалгааны агаарын чанарт үзүүлж буй нөлөө гэсэн судалгаа юм. Энэ судалгаагаар гадаад орчны бохирдсон агаар гэр хорооллын байшин, гэрийн доторх агаарыг ч мөн бохирдуулж байгааг харуулсан юм. “Гэр болон байшинд байгаа бүхий л төрлийн зуух нь Монголын стандартаар тогтоогдсон агаар дахь хүнд элементийн болон нүүрстөрөгчийн ислийн хэмжээнээс илүү байгаа бөгөөд ихээр түлш түлсэн үед хүнд элементийн агууламж бүүр ихэсдэг”. Судалгааны тайланд дүгнэснээр Монголд бохир агаараар амьсгалсаны улмаас үүссэн хүүхдийн өвчлөл, нас баралтын үзүүлэлт нийт хүн амын дундах нас баралтын шалтгааны эхний тавд орж байна. Амьсгалын замын өвчлөл ийнхүү өндөр байгаад анхаарал хандуулж, энэ нь агаарын бохирдолтой холбоотой байгааг бодолцон агаарын бохирдлыг бууруулах нь тэргүүлэх зорилт болоод байна” гэсэн. Энэ судалгаа нь /ESMAP/ Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр хийсэн хэд хэдэн судалгааны нэг байсан бөгөөд бусад хандивлагчид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад мөн тусалж дэмжиж байгаа ч бүрмөсөн шийдэх бас болоогүй байна.

Хөдөө орон нутагт амьдардаг иргэдийн хувьд 2005 онд дэмжигдэн батлагдсан Малын индексжүүлсэн даатгалын төсөл чухал ач холбогдолтой болсон юм. Энэхүү төсөл нь өмнө явуулсан малчдыг байгалийн гамшгийн эрсдлээс хамгаалах, ингэхдээ малаа өсгөн үржүүлэх тэдний хүсэл эрмэлзлэлийг мохоохгүй байх гэсэн дүн шинжилгээний дүнд суурилсан. Индескжүүлэх зарчмаар малыг даатгалд хамруулах нь төслийн гол зорилго бөгөөд энэ нь гарааны төсөл байсан юм. Гарааны төсөл төсөл гурван аймагт, гурван улирал дараалан хэрэгжсэн. Гарааны төсөл амжилттай байсан учраас удалгүй улс орон даяар нэвтрүүлсэн. Энэ төслийг шинэлэг, тогтвортой, даган дууриаж болохуйц болохыг Дэлхийн Банк үнэлэн Монголын Засгийн газарт анхны “Алтан үр” шагналыг олгосон билээ. Төслийн эдгээр тодорхойлолт үнэнээс зөрөөгүй гэдгийг энэ төсөл ирэх долоо хоногт хаагдаж байгаа ч индексжүүлсэн даатгалыг дагнан явуулах зорилгоор байгуулагдсан компани энэ төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх гэж байгаагаар нотлогдож байгаа юм. (Видеог үзнэ үү)

Өмнө нь хэрэгжүүлсэн Хувийн хэвшлийг хөгжүүлэх зээлийн төслийн хоёрдугаар шат мөн 2005 онд батлагдсан. Өмнөх төслийн нэгэн адил Монголын аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийг өргөжүүлж, төсөл амжилттай байсан. Санхүүгийн хувийн байгууллагууд, Монголын Коммерц банк зэрэг зуучлагчдыг хамруулсан энэ төслийг зээлийн хэмжээ 2005-2011 оны хооронд арав дахин нэмэгдсэн юм. Хувийн санхүүгийн байгууллагууд чанарын хувьд өсөн бэхжиж, санхүүжүүлэх төслийн цар хүрээ өргөжиж, зээлийн буцаан төлөлт нэмэгдсэн. Монголбанкны Хяналт, үнэлгээний газар хямралын үед илүү хариуцлагатай байх техникийн тусалцааг авсан бөгөөд хувийн санхүүгийн байгууллагууд шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүн, тухайлбал, карт, цахим банк зэрэг гаргах замаар бизнесээ орон даяар өргөжүүлж, улмаар энэ нь зээлийн эрсдлийг бууруулан, мэдээллийн технологийн системийг сайжруулсан.

2005 онд Жендерийн үнэлгээг Дэлхийн Банк, Азийн хөгжлийн банктай хамтран хийсэн бөгөөд эрэгтэй, эмэгтэйчүүдийн нийгэмд үзүүлж буй ялгавартай нөлөөг тусгасан. “Өрх толгойлсон эмэгтэйчүүд ядуу байдалд амьдарч, ийм өрхийн тоо нэмэгдэж байна...өрхийн аж ахуйд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү цагаар ажиллаж, байнгын ажил эрхэлж чадахгүй байгаа нь өрхүүдийн хэрэгцээг хангаж чадахгүй байна. Энэ байдал нь эмэгтэйчүүд, бас зарим тохиолдолд хүүхдүүдийг  эдийн засгийн хувьд хязгаарлагдмал болгож, тэдний эрүүл мэнд, боловсролын асуудлыг эмзэг болгож байна. Шилжилтийн өмнөх үетэй харьцуулахад эхийн эндэгдэл өндөр хэвээр, ядуурлыг дагалдан гардаг эрүүл мэндийн зарим үзүүлэлт, тухайлбал, нялхсын эндэгдэл эргэн сэргэж байна” хэмээн дүгнэсэн.

2005 оны сүүлээр Монгол улс Олборлох салбарын ил тод байдлын санаачилгыг (EITI) хэрэгжүүлэхээр болсон. Энэ ажил 2006 оны эхээр хэрэгжиж эхэлсэн юм. 2007 онд энэ санаачилгын тайланг гаргаж эхлэхэд Монгол энэ санаачилгыг хэрэгжүүлж эхэлсэн дэлхийн 10 орны нэг болсон юм.

Дараагийн удаа бид 2006 оныг авч үзэх болно. Энэ онд гар утасны хэрэглээ болон сургуулийн номын санд Монголд ирсэн юм.

Арайлют Мурат, Болдбаатар Шагдар, Эрдэнэ-очир Бадарч нарын хамтаар бэлтгэв.

Add new comment