Syndicate content

Хөгжилд хүргэх зам: Монгол улсад дэд бүтцийн хөрөнгө оруулалтын үр дүнг сайжруулах таван арга зам

Zahid Hasnain's picture
Also available in: English

Уул уурхайн салбарын хурдацтай өсөлттэй холбоотойгоор  Монгол улсын Засгийн газрын дэд бүтцийн салбарын төсөв сүүлийн 10 жилд 35 дахин өссөн байна. Гэвч Улаанбаатар хотын цоорхой замаар аялах, хотыг дүүргэсэн, ялангуяа гэр хорооллын утааг амьсгалах үедээ энэхүү өсөлтийг мэдрэхийн аргагүй.

Миний бие оролцсон Дэлхийн Банкны нэгэн шинэ судалгааны  тайланд  энэхүү өсөн нэмэгдэж буй дэд бүтцийн төсөв, зарцуулалтын үр шим нь сайн дэд бүтэц, үр дүнтэй, цэвэр халаалт, сайжруулсан ус, эрүүл ахуйн үйлчилгээний хэлбэрээр Монгол улсын иргэдэд хүрч чадахгүй байгаа талаар тусгасан.
Энэхүү их хэмжээний хөрөнгө оруулалтын үр шим иргэдэд бодитойгоор хүрэхгүй байгаагийн шалтгаан нь эх үүсвэрийг тэргүүлэх бус үйл ажиллагаанд буруу чиглүүлэн зарцуулсан, төслийн төлөвлөлт, хэрэгжүүлэлт хангалтгүйтэй холбоотойгоор хөрөнгө, зарцуулалтын үр ашиггүй үрэгдүүлсэн зэрэгтэй холбоотой.  Өнөөгийн Засгийн Газрын өндөр зорилтот хөрөнгө оруулалтын төлөвлөгөө,  хурдацтай өсөж буй төсөв,  саяхны 1.5 тербум ам. Долларын Чингис бонд зэрэг улсын гадаад зээлийн зарцуулалтын үр ашигтай байх, бүтээн байгуулагдах дэд бүтцийн чанарын баталгааг хангахад нэн түрүүнд эдгээр алдаа, дутагдлуудыг засах шаардлагатай.

Улаанбаатар хотод Монгол улсын хүн амын 40 гаруй хувь, эдийн засгийн үйл ажиллагааны гол цөм нь  төвлөрсөн. Дэд бүтцийг хөгжүүлж, холбогдох хууль тогтоомжийг сайжруулж чадвал Улаанбаатар хоттой адил  хотууд эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болж улмаар, улсын орны хэмжээнд шинэчлэл,  амьжиргааны түвшинг шинэ шатанд хүргэж чадна гэдгийг эдийн засгийн олон тооны судалгааны үр дүн харуулдаг. Монгол улсын иргэд үүнийг мэддэг учраас олон иргэд илүү цалин хөлстэй ажлын эрлээр амжиргаагаа сайжруулахын тулд Улаанбаатар хотод шилжин суурьших болсон – Улаанбаатар хотын хүн ам өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд 60 хувиар өссөн байна.

Гэсэн хэдий ч, Засгийн газраас  дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэгдсэн төсөвт Улаанбаатар хотор чиглэгдсэн хөрөнгө оруулалтын харьцааг авч үзвэл Улаанбаатар хот орхигдсон гэж хэлж болохоор байна.  Өнгөрсөн 5 жилийн  төсвийн зарцуулалтыг авч үзэхэд  улсын хэмжээнд зарцуулсан замын нийт төсвийн  20-иос бага хувийг Улаанбаатар хотод зарцуулсан байна. Халаалт, эрчим хүчний салбарын хувьд бас адил үзүүлэлттэй байсан. Цаашлаад, ирээдүйд хийх дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг харахад Улаанбаатар хот мөн адил орхигдсон нь илт байна;  орон нутгийн зам, дэд бүтэц нь эдийн засгийн хувьд үр ашигтай орлого бүрдүүлэх хэмжээний ачаалалтай байхгүй нь тодорхой байтал, Засгийн газар ирэх 4 жилийн хугацаанд  орон нутгийн зам, бүтцэд Улаанбаатар хоттой харьцуулахад 2 дахин илүү хөрөнгө зарцуулахаар төлөвлөсөн байна.

Сайтар барьж байгуулсан зам, сургууль, эмнэлгийн барилгыг тогтмол сэргээн засварлаж байж  зарцуулалт үр дүнтэй байдаг. Гэвч, Засгийн газрын төлөвлөгөөнд урсгал засварын зардлыг орхигдуулсан нь шинээр барьж байгуулсан дэд бүтцийн барилга, байгууламж богино хугацаанд муудаж, өндөр өртөг бүхий их засвар, шинэчилсэн бүтээн байгуулалт шаардахад хүрэхээр байна. Монгол улсын Засгийн газар урсгал засвар хийхэд  шаардлагатай төсвийн зөвхөн тавны нэгийг зарцуулж байна; урсгал засварын төсөв ийм бага  байгаа цагт,  нийт улсын хэмжээний замын сүлжээний 60 хувь нь муудсан, дахин барих шаардлагатай байх нь гайхахаар зүйл биш юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд урсгал засварын зардал болон шинэ бүтээн байгуулалтын зардлын харьцаа буурч байгаа нь цаашид асуудал улам нэмэгдэхийг илэрхийлж байна.

Хөрөнгө оруулалтын төсөл буюу зам, эрчим хүчний станцын чанар хангалттай сайн байх нөхцлийг хангахад нөлөөлөх бас нэгэн хүчин зүйл бол төслийн зохистой төлөвлөлт, бүтээн байгуулалтын явц юм.  Аливаа дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэхэд зардлын бодитой тооцоо хийх; төслийг хэрэгжүүлэх компанитай байгуулах гэрээ өрсөлдөөнтэй, ил тод байх; гэрээлэгч этгээд төслийг зөв, зохистойгоор хэрэгжүүлэх нөхцлийг баталгаажуулахуйц хяналт байхаас гадна барилгын компани нь тухай ажлыг гүйцэтгэхэд хангалттай хэмжээний чадавхи, нөөц, эх үүсвэртэй байх ёстой.

Одоогоор, төсвөөс сайн чанартай шинэ зам, бусад дэд бүтэц хүртэлх сүлжээний нэг ч холбоос, бүрэлдэхүүн хэсэг нь хангалттай ажиллахгүй байна. Тухайлбал, өртгийн тооцоолол нь хэт доогуур;  гэрээг олгоход улс төрийн нөлөөлөл хэт өндөр; барилгын компаниуд бүтээн байгуулалтын чанарын баталгааг хангах шаардлагыг шударгаар биелүүлдэггүй,  хяналтын инженерүүдтэй гуйвалддаг;  систем нь  бүхэлдээ барилгын салбарын өсөлтийг дэмждэггүй, чадварлаг инженер,барилгын ажилтнууд хангалттай бэлтгэгдээгүй байна.

Иймд, юу хийх шаардлагатай вэ?

  • Хөрөнгө оруулалтын үр ашигтай байдлыг хангахын тулд төсвийн зарцуулалтыг Засгийн газрын болон барилгын компаниудын бодит чадавхи, нөөц, бололцоотой уялдуулан төлөвлөх.  Одоогийн байдлаар ийм биш байгаа нь асар их хэмжээний хөрөнгийг үр ашиггүй үрэгдүүлэх эрсдэлд хүргэхээр байна.
  • Төсвийн зарцуулалтыг эдийн засгийн хувьд хамгийн өндөр үр ашигтай Улаанбаатар хотод төвлөрүүлэн төлөвлөж, дэд бүтцийн урсгал засварын төсвийг нэмэгдүүлэх. Улс төрийн сонирхол байгаа цагт эдгээр зорилтуудыг хялбархан хэрэгжүүлэх боломжтой  — жишээлбэл,  замын салбарын хувьд шинэ бүтээн байгуулалтын төсвийн 20 хувийг урсгал засварт дахин хувиарласнаар улсын хэмжээний замын сүлжээний нөхцөл байдлыг маш ихээр сайжруулах боломжтой.
  • Засгийн газар төсөл боловсруулах, төсөл хэрэгжүүлэх чадавхаа дээшлүүлэхэд хөрөнгө оруулах шаардлагатай. Үүний тулд, яам, орон нутгийн засаг захиргааны түвшинд аливаа төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай техникийн шинжилгээг хийх мэргэжлийн хүмүүсийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэхдээ, аливаа төслийн ТЭЗҮ-г боловсруулахад хангалттай хэмжээний цаг хугацаа,  хөрөнгө зарцуулах хэрэгтэй.
  • Төсөл тус бүрийн хэрэгжилтийн явцын хяналтыг сайжруулах, иргэдийн хяналтын механизмыг нэвтрүүлэх.  Төсвийн зарцуулалтын хурдацтай өсөлт нь далд өсөлтийн боломжийг их хэмжээгээр нэмэгдүүлэх учраас төсвийн зарцуулалтын ил тод байдал, хяналт шинжилгээнд онцгой анхаарал хандуулахаас наана авлига, хээл хахууль, хөрөнгө шамшигдуулах эрсдэл өндөр хэвээр байх эрсдэл байсаар байх болно.
  • Монгол улс ур чадвартай ажилчдын орон тооны дутагдалыг нөхөхийн тулд гадаад ажилтан, компаниудыг урьж ажиллуулах бодлого баримтлах нь зүйтэй. Тодорхой түншлэлийн замаар гадаадын мэргэшсэн компаниудын мэдлэгийг дамжуулах, улмаар Засгийн газрын болон барилгын салбарын чадавхийг бэхжүүлэх боломжийг Монгол улсын  Засгийн газар авч үзэх шаардлагатай.

Add new comment