Syndicate content

Баримт нотолгоонд суурилсан судалгаагаар тамхины хяналтыг идэвхжүүлэх боломжтой

Patricio V. Marquez's picture
English
Photo: Alex Baluyut / World Bank
Тамхидалт болон тамхины эрүүл мэндэд учруулж буй хор хөнөөл хоёрын харилцан хамаарлын талаар сүүлийн хагас зууны туршид хуримтлуулсан баримт нотолгоо нь цаашид авч хэрэгжүүлэх бодлогын чиглэл, арга хэмжээний шинжлэх ухааны баттай үндэслэлийг бүрдүүлж байна.   

Тамхины хэрэглээ дэлхий дахинд жил бүр 6 сая орчим хүний үхлийн гол шалтгаан болж байна. Ийнхүү олон хүний амь насанд хүрч, улмаар нийгэм, эдийн засагт нөлөөлж байгаа нь улс орнуудын хөгжилд сөргөөр нөлөөлдөг.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Тамхины хяналтын суурь конвенц (ДЭМБ-ын ТХСК) 2005 онд хүчин төгөлдөр болж үйлчилснээс хойш дэлхий дахинд тамхины хяналтын үйл ажиллагаанд ахиц дэвшил гарсан боловч хүний хүчин зүйлээр бий болсон эрүүл мэндийн энэхүү гай гамшгийг нэг мөр таслан зогсоохын тулд бага болон дунд орлоготой орнуудын засгийн газрууд тамхины хяналтыг хэрэгжүүлэх хүчин чармайлтаа дахин шинэчлэх шаардлагатай байна.  

Шинжлэх ухааны баримт нотолгоо нь хүний зан байдалд хүчтэй нөлөөлж чадаж байгаа эсэхэд олон хүн эргэлздэг болсон энэ эрин үед хувь хүн өөрийн амьдралын хэв маягийг сонгох эсвэл төрийн бодлогыг сонгоход аль ч тохиолдолд хүн төрөлхтнийг урагш хөтлөх гол луужин нь тэдний итгэл үнэмшил, асуудлын учир шалтгаан хэвээр байна гэдэгт би итгэдэг.  

Тамхины хяналтыг дэмжих нь хүний эрүүл мэндийг хамгаалах, өвчин зовлонгоос зайлсхийх зэрэг хувь хүний ашиг сонирхлыг зардал бууруулах, орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн халамжийн үр өгөөжийг сайжруулах зэрэг засгийн газрын эдийн засгийн ашиг сонирхолтой нийцүүлдэг. Хувь хүний эрүүл мэндийг хамгаалах, улс үндэстний орлогыг бүрдүүлэх, нийгмийн сайн сайхан байдлыг бэхжүүлэх зэрэг бүгд нийлээд хүчирхэг хөшүүрэг болох нь эргэлзээгүй!

Энэхүү хосолмол хүчин зүйлийг төрийн бодлогод тусгаж хэрэгжүүлэхийн тулд тамхины хэрэглээнээс үүдэлтэй өвчин, тэдгээрийн эрүүл мэндийн болон эдийн засгийн сөрөг нөлөөллийг үүсгэж буй биологийн болон зан байдлын механизмын талаар тодорхой ойлголт, мэдээлэлтэй байх ёстой. Аливаа өвчтөн, тэдний гэр бүл болон нийт хүн амын дунд тамхины хор хөнөөлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд бид тухайн улс орны статистик тоо баримтыг ашиглах замаар бодлого боловсруулагчид, төрийн албан хаагчид, ялангуяа иргэдийн түвшинд ажиллаж буй эрүүл мэндийн үйлчилгээний ажилтнууд руу чиглэх боломжтой.   

Тамхи татах болон бусдын татаж буй тамхины утаанд өртөхийн аль аль нь өвчлөл үүсгэхийн зэрэгцээ аажмаар үхэлд хүргэдэг гэсэн шулуухан бөгөөд үнэнийг өгүүлсэн мессеж хүмүүст хүрэх ёстой. Бодит баримт нотолгооноос харахад никотин хэмээх тамхинд агуулагдах химийн бодис: 1) донтолт үүсгэдэг ба ихээр хэрэглэвэл хурц хэлбэрийн хордлого үүсгэдэг; 2) тамхи татсанаар өвчний эрсдэл нэмэгдэж хүний бие махбод дахь биологийн олон сувгуудыг идэвхжүүлдэг, 3) жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд ураг амьгүй төрөх, төрөлхийн согогтой төрөх (жишээ нь, сэтэрхий уруул, амтай төрөх) зэрэг эрсдэлийг нэмэгдүүлэн, эхийн болон ургийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг, 4) ургийн бойжилт болон өсвөр насанд тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг байна.

Тамхи татахад ялгарч буй давирхайт тоосонцор, тамхины бохь нь ч хортой болохыг харуулжээ. Эдгээр нь тамхичин хүний уушгийг аажмаар гэмтээдэг. Тамхины дутуу шаталтын улмаас ялгарч буй нүүрстөрөгчийн дутуу исэл хэмээх өнгөгүй, үнэргүй хий нь өрөө тасалгаанд хуримтлагдаж цусны хүчилтөрөгч дамжуулах чадамжийг бууруулдаг. Тамхи татах нь хүний биеийн бараг бүхий л эд эрхтэний өвчлөлтэй холбоотой гэсэн ноцтой мэдээ бидэнд харанга дэлдэж байна. Тамхины бүтэц дизайн, орц найрлага сүүлийн үед нэлээд өөрчлөгдсөн учраас тамхи татсаны улмаас уушигны хорт хавдар үүсэх эрсдэл 1950-иад оноос хойш нэмэгдсэн гэсэн дүгнэлт хийх хангалттай баримт нотолгоо цугларчээ. Элэгний хорт хавдар, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар, түрүү булчирхайн хорт хавдар гэх мэт хэд хэдэн төрлийн хорт хавдрууд нь тамхидалттай харилцан хамааралтай болохыг нотлох баримтууд байгааг бид тайлбарлан таниулах нь зүйтэй. Эмфизема, архаг бронхит гэх мэт уушгины архаг бөглөрөлтөт өвчнийг (COPD) үүсгэгч гол шалтгаан нь тамхидалт бөгөөд сүрьеэгээр өвчлөх эрсдлийг мөн нэмэгдүүлдэг байна. Түүнчлэн чихрийн шижин зэрэг нийтлэг тохиолдох өвчнүүд ч тамхи татсаны улмаас үүсдэг болохыг судалгааны үр дүн харуулсаар байгааг таниулах нь зүйтэй. Тамхи идэвхтэй татдаг хүмүүсийн чихрийн шижингээр өвчлөх эрсдэл тамхи татдаггүй хүмүүсийхээс 30-40 хувь илүү өндөр байгаа гэдгийг эрдэмтэд тогтоосон байна.

Хамгийн гол нь бид эрүүл мэндийн шалтгаануудыг тамхинд тавих хяналтын эдийн засгийн асуудалтай холбон авч үзэх шаардлагатай. Америкийн Нэгдсэн Улс болон бусад улс орнуудад тамхидалттай холбоотой үүсэх эдийн засгийн өртөг зардал асар өндөр байгааг сүүлийн үеийн судалгаа нотолжээ. Тамхины татвар болон тамхины хэрэглээг зохицуулах, хянахад чиглэсэн бусад арга хэмжээг хэрэгжүүлснээр гарсан эрүүл мэндийн үр өгөөж нь татвар, үнэ нэмэгдүүлэх зэргээс илүүтэй байгаа төдийгүй бага орлоготой өрхүүдийн хүртэх үр өгөөж нь харьцангуй их болохыг Чилид хийсэн сүүлийн үеийн судалгаа болон 2012 онд Филиппинд хийсэн “тамхины татварын шинэчлэлийн” үр дүнгээр бид баталж чадахаар байна. Армени, Колумб, Лесото, Молдав, Нигери, Украйн зэрэг улс орнуудад саяхан загвар болгон хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд тамхины татварыг нэмэгдүүлснээр үнэ, хэрэглээ, дотоодын орлогын бүрдүүлэлтэнд нөлөөлөх нөлөөллийг найдвартай тооцоолох замаар бодлого боловсруулах үйл явцыг мэдээллээр хангах боломжтой.  

Дээр дурдсан зохицуулалттай уялдуулан Украинд хэрэгжүүлсэн арга хэмжээ нь тамхины татвар болон хяналтын бусад арга хэмжээг авч хэрэгжүүлснээр урт хугацаанд эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх төдийгүй зардлаа бууруулах боломжийг олгосон байна.

Бид 21-р зууны гурав дахь арван жил руу шилжин орж буй энэ үед тамхигүй нийгмийг бий болгох нь тогтвортой хөгжлийн чухал үзүүлэлт байх ёстой. Дэлхий дахинд Финлянд Улс энэ замналыг эхлүүлээд байна. Тус Улс 2040 он гэхэд тамхигүй улс болох зорилго дэвшүүлжээ.  Бид өөрсдийн үр хүүхэд, тэдний хойч үеийг тамхинд донтох, өвчин тусах, эрт үхлийн аюулаас аварч хамгаалах алсын хараагаа ойлгон ухамсарлаж, зөвхөн тунхаглан зарлаад орхих бус тунхаглалаа дунд хугацаанд олон нийтийн эрүүл мэнд, эдийн засгийн тоон үзүүлэлтээр баталгаажсан тогтвортой, хэмжигдэхүйц ажил хэрэг болгоход анхаарах цаг нэгэнт болжээ. 

Add new comment