Syndicate content

Тамхины татварын талаарх дэлхий дахины сүүлийн үеийн ололтууд

Patricio V. Marquez's picture
English
Courtesy Creative Commons
АНУ-ын эрүүлийг хамгаалах газрын дарга Доктор Лутер Тэрригийн гаргасан нийгэмд хувьсгал авчирсан гэж хэлж болох тамхидалт ба эрүүл мэндийн талаарх тайланд тамхидалтыг уушигний хорт хавдар, зүрх судасны өвчин зэрэг эрүүл мэндийн асуудлуудтай холбож авч үзсэн нь анх удаа засгийн газрын тайланд энэ хоёрыг холбож авч үзсэн тохиол байв. Сүүлийн тавин жилийн хугацаанд хуримтлагдсан шинжлэх ухааны баримтууд тамхи нь улс орнуудад эрүүл мэнд болон эдийн засгийн ямар их хор хохирол авчирдгийг ойлгоход бидэнд тусалсан.   

Тамхидалттай холбоотой өвчлөл, эрт нас баралт, хамгийн бүтээмж өндөртэй үе дээрээ тахир дутуу болох гэх мэт өндөр өртөг нь тамхиний хэрэглээг хязгаарлах арга хэмжээний эдийн засгийн бодит үндэслэлийг бий болгож байна. Тамхидалт нь эрүүл мэнд, орлого, орлого олох потенциал, хөдөлмөрийн үр бүтээмжид сөрөг нөлөөтэй. Мөн тамхидалт нь нийгэм эдийн засгийн хүртээмжтэй хөгжлийг бий болгох амин чухал хүчин зүйлсийн нэг болох хүний хөгжлийг сааруулдаг.
Тамхины татварыг нэмэх замаар тамхины өртөг, худалдан авах боломжийг буурулах нь тамхиний хэрэглээг хязгаарлах хамгийн үр нөлөөтэй арга гэдэг нь батлагдсан. Олон нийтийн газар тамхи татахыг хориглосон, олон нийтэд тамхины сөрөг нөлөөллийн талаар  боловсрол олгох замаар тамхи таталтын нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдлыг бууруулсан орнуудад тамхиний татвар хамгийн их үр нөлөөтэй байдаг.

Чили болон АНУ-д саяхан хийгдсэн судалгаанаас харахад энэ төрлийн бодлогын үр ашиг нь эрүүл мэндийн зардал буурах, ажиллах жил нэмэгдэх байдлаар гардаг ба эдгээр үр ашиг тамхины үнэ өссөнөөс үүдэх сөрөг нөлөөллөөс их байгаагаар зогсохгүй баян хүмүүсээс илүү ядуучуудад эерэг нөлөө үзүүлж байна. Энэ нь тамхины татвар орлого багатай хүмүүст илүү сөргөөр нөлөөлдөг гэсэн таамаглалыг няцааж байгаа юм.

Сүүлийн арван жилд Дэлхийн Банкны Группээс олон нийтийн эрүүл мэндийн болон дотоодын нөөц бололцоогоо дайчлахад нь улс орнуудад туслах зорилгоор Билл болон Мэлинда гэйтс сан, Блүүмбэрг сан болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг бусад байгууллагуудтай хамтран дэлхий даяар тамхины татварын чиглэлээрх ажлаа өргөжүүлсэн.  Үүний зэрэгцээ улс орнуудад хууль бус тамхины худалдааг хянах хууль эрх зүй, зохицуулалт хийх чадавхыг бэхжүүлэх техник туслалцааг мөн үзүүлсэн. Хамтран суралцах сүлжээ гэх мэт хуучин талбарууд дээр суурилан мэдлэг солилцох үйл явцыг бий болгох дэмжлэгийг мөн үзүүлсэн.

2012-2016 онуудад Филиппин улсын хийсэн тамхины татварын шинэчлэл бол энэ чиглэлээр хийсэн хамгийн шийдэмгий томоохон шинэчлэлийн жишээ юм. Филиппин улс тамхины онцгой татварын бүтцэд суурь өөрчлөлтийг хийж татварын шатлалын тоог бууруулан, татварын хэмжээг инфляцтай уялдуулж тамхины татварыг ихээр нэмсэн. Тамхины татварын өсөлтөөр бий болсон төсвийн орлогын өсөлт нь эрүүл мэндийн даатгалтай өрхийн тоо 2012 онд 5.2 сая байсныг 2015 онд 15.3 сая болгон нэмэгдүүлэх зардлыг санхүүжүүлэх төсвийн орон зайг нэмэгдүүлсэн.

Тун саяхнаас, хэд хэдэн орны засгийн газар нийтийн эрүүл мэндийг сайжруулах, дотоодын нөөц бололцоог нэмэгдүүлэх зорилгоор нийт 200 гаруй сая хүнийг хамрах тамхины татварын томоохон шинэчлэлийг авч хэрэгжүүлсэн. Украйнд 2017 оны төсөвт тамхины үнийн дүнгээс бодогддог 12 хувийн татварыг хэвээр хадгалахын зэрэгцээ тамхины онцгой албан татварыг 2016 онтой харьцуулахад 40 хувь нэмэгдүүлэхээр тусгасан. Энэхүү арга хэмжээг авснаар тамхины жижиглэнгийн үнэд онцгой албан татварын эзлэх хувь хэмжээ 2016 онд 41 хувь байсан бол 2017 он 46 хувь болж нэмэгдэн тамхиний хэрэглээ 10 хувиар буурна гэсэн тооцоо хийгдсэн байна. Ингэж татварыг нэмэгдүүлснээр эрүүл мэндийн хувьд гарах үр ашгийг тооцохоор хийсэн загварчлалыг харахад татварыг ингэж нэмэгдүүлснээр нэмэгдүүлээгүйтэй харьцуулахад 2035 он гэхэд тамхидалттай холбоотой шинээр бүртгэгдэх өвчлөл 126,730-аар, цаг бусын нас баралт 29,172-оор, тамхидалтаас шалтгаалан амьдрах жилийн бууралт 267ь098 жилээр тус тус буурна гэж тооцоологдсон байна.  Өвчлөл болон нас баралт ийнхүү буурах нь эрүүл мэндийн үйлчилгээний их хэмжээний зардал гарахаас урьдчилан сэргийлэх юм.

Колумбийн Конгрессоос баталсан томоохон төсвийн шинэчлэлийн хүрээнд 2017-2018 онуудад тамхины үнэ шинэ татвартай холбоотой бараг гурав дахин нэмэгдэхээр байгаа бөгөөд энэ нь жил бүр инфляцтай уялдан шинэчлэгдэхээс гадна удаах жилүүдэд т мөн нэмэгдэж байх юм. Мөн адилаар, Молдавт мөн адил нэг хайрцаг тамхинд оногдох онцгой албан татвар дунджаар  2016 онд 39 хувь байсан бол 2017 онд 45 хувь болж өсөх юм.

Арменид татварын шинэ дэглэм 2017 онд нэвтэрснээр тамхины онцгой албан татварын ачаалал хоёр дахин нэмэгдэж, жижиглэнгийн үнэ дэх татварын хувь 2020 он гэхэд 62 хувь болж нэмэгдэхээр байна. Армени, Колумбийн хувьд тамхины татварын өсөлт нь төсвийн нэгдмэл байдлыг хангах хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй томоохон татварын тогтолцооны шинэчлэлийн нэг хэсэг юм.

Энэ хөтөлбөрийг цаашид үр нөлөөтэй, тогтвортой байдлаар урагшлуулахын тулд тамхины татварын шинэчлэлийн загварчлал нь тухайн оронд төрийн бодлого хэрхэн бий болж хэрэгждэг талаарх ойлголтод ялангуяа тамхины эсрэг хүчтэй арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийгмийн зүгээс дэмжих эсвэл саад болж болох хүчийн зүйлсийн талаарх ойлголтод суурилсан байх шаардлагатай гэдгийг бид сайн ойлгох хэрэгтэй. Мөн Армени, Колумбын жишгээр тамхины татварын шинэчлэлийг төсвийн нэгдмэл байдлыг хангах өргөн хэмжээний хөтөлбөрийн нэг хэсэг болгож оруулах, эсвэл Молдав, Украйны жишгээр жилийн төсөвт тусгах нь тамхины татварын шинэчлэл хийх ажлыг илүү дөхөм болгодог гэдгийг бодолцох нь зүйтэй.

Add new comment