1998: Монголын санхүүгийн албан болон албан бус салбар

|

This page in:

Албан бус орчуулга.

25 жилийн хамтын ажиллагааны түүхээ 25 өдөрт багтаах цуврал маань үргэлжилж, бид энэ удаа 1998 оныг эргэн харах болно. Өсөлт саараагүй ч үйлчилгээний болон хөдөө аж ахуйн салбарын үзүүлэлт буурсан, аж үйлдвэрийн салбарын ДНБ-д эзлэх жин 1990 онд 43 хувь байсан бол энэ онд 25 хувь болтлоо буурсан жил байлаа. Санхүүгийн  салбар ОУВС-гийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр өмнөх жилүүдийн хямралаасаа сэргэж, 1997 он гэхэд гадаад валютын нөөц 40 хувиар өсөж, 1997 оны эхээр 50 хувьд хүрээд байсан инфляц 1997 оны дунд үеэс оны эцэс гэхэд 17.5 хувьд хүрч буурлаа. 1998 онд хэрэглээний үнийн индекс 9.4 хувьтай байлаа.

Монголын санхүүгийн салбарын нарийвчилсан судалгаагаар 1990 оны эхээр хийгдсэн бүтцийн шинэчлэл, 1996 онд оргилдоо хүрсэн банкны салбарын хямралын талаар дүгнэлт гарлаа. 1991 он хүртэл зөвхөн төрийн мэдлийн банкны тогтолцоотой байснаа 1991 оноос банкны салбар нь Төв банк болон арилжааны гэсэн тогтолцоонд шилжсэн нь шилжилтийн үеийн шинэчлэлийн гол зүйл байлаа. Шинээр мэндэлсэн арилжааны банкууд хөдөлгөөнтэй бужигнасан орчинд үйл ажиллагаагаа явуулахын сацуу арилжааны банк хэрхэн ажилладаг талаар суралцаж байлаа. 1996 оны сүүлээр банкны салбарт хямрал эхэлж, Засгийн газар банкны салбарын шинэчлэлийн стратегийг явуулж эхэллээ. Ингэхдээ төлбөрийн чадваргүй болсон банкийг хаах, хяналт шалгалт болон актив хөрөнгийг шинэ агентлагт төвлөрүүлэх стратегийг хэрэгжүүллээ. Судалгааны тайланд  “Монголын эдийн засаг санхүүгийн эрүүл тогтолцоогүйгээр хөгжиж чадахгүй. Цаашдын шинэчлэл нь банкууд санхүүгийн зуучлагч байх үндсэн чиг үүргээ гүйцэтгэдэг байх орчинг бүрдүүлэх шаардлагатай” хэмээн дүгнэсэн.

Санхүүгийн салбарын шинэчлэл нь өмнөх жилд нь батлагдсан банкны салбарын төслөөр дэмжигдсэн бөгөөд Монголд удаан хугацаанд байгаагүй шинэ төсөл болох Хувийн хэвшлийн салбарын хөгжлийн зээлийн төслийн ажил эхэлсэн. Энэ төслийн хүрээнд арилжааны банкуудад зээл олгож, техникийн тусалцаа үзүүлсэн. 
Kiosks in the Sansar area of Ulaanbaatar.  Photo by James H. Anderson

Санхүүгийн албан салбар ийнхүү дэгэн догонтой байхад албан бус салбар цэцэглэн хөгжиж байлаа. Монголын санхүүгийн албан бус салбарын анхны том судалгаа 1998 онд хэвлэгдсэн юм. Энэхүү судалгааг хийх болсон шалтгаан тун энгийн: Албан бус салбарыг бид хаа сайгүй харж байсан ч энэ салбарын талаар тодорхой мэдээлэл байхгүй байлаа. Төрөл бүрийн аргачлал, мэдээллийн эх сурвалжийг ашигласан судалгааны эцэст албан бус салбарын хэмжээг тодорхойлж чадсан, мөн энэ салбарын бодит нөхцөл байдлыг тодорхойлсон. Би энэхүү судалгааг удирдсан бөгөөд энэ судалгаа нь өнөөг хүртэл миний хийсэн бахархам дүн шинжилгээний нэг болон үлдсэн юм.

1998 онд Дэлхийн Банк Монголд үзүүлэх тусалцааны хоёр дахь стратегийг (CAS) боловсруулсан. Боловсруулсан бичиг баримтад дурдсанаар “Засгийн газрын Ядуурлыг бууруулах хөтөлбөр болон тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих замаар өсөлтийг хурдасгах, эдийн засгийн шилжилтийн үеийг дуусгах”-ад туслах зорилготой байсан юм. Мөн энэ бичиг баримт нь өсөлтөд суурилсан хөгжлийг дэмжих, үүнд, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох, санхүүгийн болон аж үйлдвэрийн салбарт шинэчлэл хийх, төрийн албаны удирдлагыг сайжруулах чиглэлийг тусгасан. Үүний тулд орлого нэмэгдүүлэх бүхий л үйл ажиллагааг дэмжих замаар ядуурлыг бууруулах, дэд бүтцийн үндсэн суурийг сайжруулахаар тусгасан. Мөн байгаль орчныг анхаарах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, жендерийн тэгш байдлыг хангах, ядууралтай тэмцэхэд гол анхаарлаа хандуулах чиглэлүүдийг тусгасан билээ.

CAS төслийг хэрэгжүүлэхдээ хандивлагч орнуудыг өргөнөөр оролцуулах мөн бусад оролцогчдыг татан хамруулсан. “Улаанбаатар хотноо 1998 оны хавар Суурин төлөөлөгчийн газраа нээсэн нь хөтөлбөрийн стратегийг хэрэгжүүлэх, удирдан зохицуулахад ихээхэн дөхөм болсон”.

1998 оны зургадугаар сарын 25-нд Дэлхийн Банк Улаанбаатар хотноо Суурин төлөөлөгчийн газраа хуучин Хүүхдийн номын сан ажиллаж байсан байранд нээсэн. Ийнхүү Суурин төлөөлөгчийн газраа нээсэн нь Монгол улс болон Дэлхийн Банкны түншлэлийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн юм.

Дараагийн цувралдаа бид 1999 оны тухай ярих бөгөөд Монголын хувийн хэвшлийн урт хугацааны санхүүжилтийн талаар ярилцах болно.

Пунцагийн Тинагийн хамтаар бэлтгэв.

Join the Conversation