Syndicate content

Add new comment

2012: Монгол өссөөр

Coralie Gevers's picture
Also available in: English

Албан бус орчуулга.

Монгол улс Дэлхийн Банкинд нэгдэн орсон 25 жилийн түүхэнд 2012 он хэд хэдэн шалтгаанаар ялгаран харагддаг. Улс төрөөс эхэлье. 2012 он бол ээлжит сонгуулийн жил байсан бөгөөд энэ сонгууль гэнэтийн явдлаар дүүрэн байсан. Юун түрүүн монголчууд улсынхаа ашигт малтмалын нөөцийг ашиглая гэж шийдэх үү, хэрвээ тийм бол хөгжлийнхөө төлөө яаж ашиглах вэ гэдэг гол сэдэв байлаа. Улстөрчид монголчуудад, Монгол улсдаа, байгалийн баялагтаа, их түүхдээ, дайчин ааг омогтоо хайртай гэдгээ зарлаж байлаа. Оюутолгой, Тавантолгойн сэдэв давамгайлж байхад асуудал арай өөр зүйлд байлаа: Өнөөгийн даяарчлагдсан дэлхийд Монгол гэж байхын утга учир юу вэ?

Хөндлөнгийн ажиглагч миний хувьд /Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн хувиар ажиллаад хоёр дахь жилээ болж байлаа/ юун түрүүн ардчиллыг харах нь гайхамшиг байлаа:  Үндэсний түүхийн музей дэх гэрэл зургуудаас үзсэн ардчиллын үзэл санаа амьд хэвээр байлаа! Арай илүү туршлагатай ажиглагчид харин таавар тааж байлаа: олон монгол хүн над “1990 оноос хойш анх удаа сонгуулийн дүнг таамаглаж чадахгүй нь” гэж хэлж байсан. Гэвч зарим нэг нь таамагласан: Ардчилсан нам парламентын суудлын олонхийг авч МАХН болон ИЗЗН-тай хамтран эвслийн Засгийн газар байгууллаа.

Дэлхийн Банкны хувьд бас удирдлага солигдсон: Дартмундын коллежийн ерөнхийлөгч, Partners in Health-ийг үүсгэн байгуулагчийн нэг Жим Ёнг Ким Дэлхийн Банк Группыг тэргүүлж байсан Роберт Зоеликийн оронд 2012 оны долдугаар сараас ажиллах боллоо.  
 
Монголын шинэ Засгийн газар улс орныхоо төлөө ажиллах их эрмэлзэл байгааг харууллаа. Ашигт малтмалын тухай хуулийг иргэдэд ашигтай байхаар өөрчлөхийг хүслээ. Тэд улс оронд нэн хэрэгтэй байсан дэд бүтцийг улс орон даяар бий болгохыг хүслээ, цахилгаан станц, өндөр хүчдэлийн шугамууд, аж үйлдвэрийн парк, зам, төмөр зам, нийслэл Улаанбаатар хотыг орон сууцжуулах гээд. Тэд энэ мега төслүүдийг яаж хийхээ мэдэж байсан: төсвийг тэлэх замаар, Хөгжлийн банкийг байгуулах замаар, Баялгийн сан байгуулах замаар, мөн олон улсын зах зээлээс Монголын хувьд анхны бонд босгох замаар. Ингээд Чингис бонд мэндэллээ.

Дэлхийн улс орнуудад байдаг Хөгжлийн банкны үйл ажиллагаа холимог байж, засаглалын чанараас банк хамааралтай байдгийг харгалзан болгоомжтой байхыг бид сануулан Өмнөд Африкийн Хөгжлийн Банкнаас зөвлөх авах ажлыг санхүүжүүлж, шинэ банкны үндсэн зарчим, дүрмийг зохиохыг хүссэн юм. Чингис бондын мөнгөнөөс ямар төслүүдийг санхүүжүүлэх гэж байгааг ойлгохын тулд бид Эдийн засгийн хөгжлийн яамтай олон удаа ярилцсан, мөн Уул уурхайн яамтай хамтран ажиллаж, уул уурхайн хуулийн шилдэг туршлага, Баялгийн сан байгуулсан бусад улс орны жишээнээс тэдэнтэй хуваалцаж, энэ бүх зүйл нь хойч үеэ бодох сэтгэлийг өдөөнө гэж найдсан. 2012, 2013 оны туршид гаргасан Эдийн засгийн төлөв байдлын тойм бүртээ бид энэ сануулгыг өгч байсан.

Бидний аз болоход  хэд хэдэн манлайлагч болох хүнтэй ерөнхий ойлголтоо нэгтгэж, тэднийг хүсэл бодлоо биелүүлэхэд тусалсан. Бид оролцоогоо тэлж чадсан нэг салбар бол хот төлөвлөлт болон байгаль орчны асуудал байлаа. Энэ ажил 2012 онд батлагдсан Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл байсан бөгөөд байгальд ээлтэй зуух үйлдвэрлэхэд хувийн хэвшлийнхэнд туслах зорилготой байсан юм. Бидний оролцоо хот төлөвлөлт болон гамшгийн бэлэн байдал болон өргөжсөн юм.

Энэ үед эхэлсэн өөр нэг том ажил бол цахим- засаг байсан юм. Монголчууд улам цаашаа явж, хөгжихийг хүсч байлаа. Харилцаа холбооны салбарыг либеральчилсаны дараа өөрсдийн байгаа систем, мэдээллийг санг ашиглан иргэдэд илүү чанартай үйлчилгээ үзүүлж чадна гэдгээ ойлгосон. Тухайлбал, газар бүртгэл, эрүүл мэндийн үйлчилгээ, төрийн худалдан авалт гээд энэ бүхнийг цахимжуулж болно гэдгийг ойлгосон. Энэ нь ил тод байх, иргэдийн төрийг хянах боломжийг олгосон. Монгол улс Нийгмийн хариуцлагын дэлхийн түншлэлд нэгдэж, удалгүй хэдэн жилийн дараа Монголын нэгэн ТББ орон нутгийн сургуулийн үйл ажиллагааг хянах төслөөрөө мөнгөн тусламж авч чадсан.

Хэдийгээр Чингис бонд үндэсний улс төрийн үүргээ гүйцэтгэж байсан ч би Монгол хатдын нууц товчоонд илүүтэй хүндэтгэлтэй хандаж ирсэн. (Веадерфордод баярлалаа!). Дэлхийн Банк анхны Жендерийн тэгш байдал хөгжлийг хангах дэлхийн тайлангаа гаргасан 2012 оноос бид жендерийн асуудлаар тогтмол дуугарч ирсэн. Монголд хэрэгжүүлэх төсөл бүртээ жендерийн асуудлыг тусгахыг бодох болсон.
2012-2013 онд ихээхэн ахиц гарсан салбар бол ядуурлын статистик үзүүлэлт байлаа. Үндэсний статистикийн хорооны хамтын дэмжлэгтэйгээр сүүлийн жилүүдийн ядуурлын шинэ тоо баримт, үзүүлэлтийг харьцуулан гаргасан билээ.

Эдгээр ажлын хажуугаар 2013-2017 оны санхүүгийн жилийн Монголын түншлэлийн стратегийг бэлтгэсэн. Энэ баримт бичигт Монголын уул уурхайн салбарын тогтвортой, ил тод байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийн тогтвортой, олон талын суурийг бий болгох, хотын болон хөдөөгийн ажил эрхлэлт, нийгмийн үйлчилгээг сайжруулах замаар эмзэг хэсгийнхэнд анхаарах, гамшгийн эрсдлийг бууруулах зэрэг зорилт тусссан.

Би 2014 оны эхээр Монголоос явсан бөгөөд энэ үед тэнгэрийн хаяанд үүл хуралдаж эхэлж байсан юм. Ашигт малтмалын үнийн алтан үе дуусч, гадаадын шууд хөрөнгө оруулалт хурдацтайгаар татарч, Оюутолгойн хоёрдугаар шатны санхүүжилтийн асуудал хэлэлцүүлгийн шатнаасаа гараагүй, төгрөгийн ханш суларсан, ДНБ буурч, өсөлт саарч байлаа.

Монголд байх үеэс минь юу үлдсэн бэ? Мэдээж, зарим хүн цэнхэр тэнгэрийг мартаж чаддагггүй байх. Байгаль, газар зүйн тогтцын хувьд ийм цэлгэр газрыг би олохгүй байх, гэвч хамгийн гол нь оюун санаа. Монголын их хүсэл эрмэлзлэлд сэтгэл нь хөдлөөгүй хүн байдаг гэж үү. Та нар илүү ирээдүйг мөрөөдөхөөс айгаагүй, үүнийхээ төлөө хөдөлмөрлөж байна; та нар чиглэлээ өөрчилж алдаа гаргахаас айгаагүй; та нар нэг нэгэнтэйгээ санал нийлэхгүй ч найзууд хэвээр байдаг. Энэ бүх чанар Монголд тулгараад байгаа саад бэрхшээлийг даван туулахад тусална. Хөгжиж байгаа бусад орон ийм эрмэлзэл, зоригийг үзүүлээсэй гэж хүсч байна.

Дараагийн удаа бид 2013 оныг авч үзэх бөгөөд уул уурхайн эдийн засгийг удирдахад төсвийг үүрэг ролийн талаар ярих болно.