Published on Sustainable Cities

Орон сууцны нөхцөлийг сайжруулах нь Монголын хотуудад ажлын байр нэмэгдүүлэх боломжийг нээж байна

This page in:
Орон сууцны нөхцөлийг сайжруулах нь Монголын хотуудад ажлын байр нэмэгдүүлэх боломжийг нээж байна

Өвлийн нэгэн өглөө Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг Бат-Эрдэнэ үүрийн гэгээ орохоос өмнө сэрж, зуухандаа гал түлнэ. Өрөө утаагаар дүүрч, хичнээн галласан ч шөнөдөө огцом хүйтэрсэн тул жил бүр хөлдөлт, гэсэлтийн улмаас байшингийн хананд ахин дахин үүсдэг ан цаваар дулаан алдагдаж эхэлнэ.

Бат-Эрдэнийн адил Улаанбаатар хотын хүн амын талаас илүү нь, өөрөөр хэлбэл Монгол Улсын нийт хүн амын бараг дөрөвний нэг нь уламжлалт нүүдэлчдийн “гэр” сууцаар нэрлэгдсэн “гэр хороолол”-д амьдарч байна. Эдгээр албан бус суурьшлын бүсүүдэд суурь үйлчилгээ дутмаг, агаарын бохирдлын түвшин өндөр, бүтээцийн хувьд бат бөх биш сууцтай зэрэг олон асуудал бий. Ийм нөхцөлд амьдарч буй иргэд ажлаа таслах нь ихэсч, орлого буурах, хөдөлмөрийн зах зээлээс эрт гарах хандлагатай байгаа нь уг асуудлыг зөвхөн орон сууцны бус, хөдөлмөр эрхлэлтийн асуудал болохыг илэрхийлж байна.

Иймээс Дэлхийн Банк Групп Монголын хотуудад орон сууцны нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллаж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд суурь дэд бүтцэд хөрөнгө оруулах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах гэсэн гурван тулгуурт аргачлал шаардлагатай. Эдгээрийг бодит амьдрал дээр хэрхэн хэрэгждэг, мөн Монгол улсад ажлын байр нэмэгдүүлж, нөхцөлийг сайжруулахад энэ бүгдийг уялдуулах нь яагаад зүйтэй вэ гэдгийг энэхүү нийтлэлдээ тайлбарлах болно.

Image

 

1. Орон сууцны дэд бүтцийг сайжруулах нь шууд ажлын байрыг нэмэгдүүлдэг

Орон сууцны шинэчлэл бол хүч, хөдөлмөр их шаардсан дэд бүтцийн хөрөнгө оруулалт юм. Байшингаа сайжруулах үйл явц нь өрлөгчин, мужаан, дулаалга, цахилгаанчин, сантехникч зэрэг мэргэшсэн хүмүүсийн үйл ажиллагаанаас бүрддэг. Үүнийг Улаанбаатар хотын гэр хорооллын хэмжээнд, өргөн хүрээнд хэрэгжүүлбэл дотоодын ажиллах хүч, материалыг ашиглан шууд ажлын байр бий болгох томоохон боломж бүрдэнэ. Үүний зэрэгцээ орон сууцны чанар, аюулгүй байдлыг нэмэгдүүлдэг.

Эдийн засгийн үр өгөөж ч өндөр. Дан байшингуудыг дулаан алдагдал багатай болгон шинэчлэхэд халаалтын хэрэгцээ ойролцоогоор 50 хувиар буурч, түлшний хэрэглээ, ялгарал багасдаг. Үүн дээр эрүүл мэндийн зардал буурах, хөдөлмөрийн бүтээмж алдагдахгүй байх зэрэг давуу талыг тооцвол үр ашиг нь анхны хөрөнгө оруулалтаасаа илт давдаг. Өөрөөр хэлбэл, амьдрах орчныг сайжруулахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтийг дэмжих “давхар үр өгөөжтэй” хөрөнгө оруулалт юм.

Image

 

2. Бизнест ээлтэй барилгын салбарыг хөгжүүлэх нь

Барилгын салбарын ур чадвар аяндаа нэмэгдэж, баталгаажаад, зохицуулалт нь өөрөө сайжирдаггүй. Гэр хорооллын иргэдийн дийлэнх нь байшингаа инженерийн хяналтгүй, барилгын норм, стандарт мөрдөлгүйгээр өөрсдийн хүчээр барьсан байдаг. Өөрөөр хэлбэл Монгол улсын орон сууцны гол хэсгийг бүрдүүлж буй тус салбар өөрөө хамгийн их шинэчлэгдэх шаардлагатай байна.

Тиймээс тодорхой стандарт, сургалтын чиглэл, чанарын баталгаажуулалт бүхий, сайн гүйцэтгэлийг урамшуулдаг орчныг бүрдүүлэх нь чухал. Ингэснээр албан бус барилгын үйл ажиллагааг тогтвортой, ур чадвартай ажлын байрны эх үүсвэр болгон хувиргах боломжтой.

Ийм орчныг бүрдүүлэхэд Монголын Ногоон Барилгын Зөвлөл (MGBC)-өөс хэрэгжүүлж буй Үр ашиг ба тэсвэржилтийн шилдэг засаглал (BestGER) зэрэг хөтөлбөрүүд хувь нэмэр оруулж байна. Мөн MGBC, Дэлхийн Банкны Улаанбаатар хотод хамтран зохион байгуулсан тэсвэрлэх чадвартай орон сууцны барилгын сургалтаас харахад барилгын практикийг сайжруулах эрэлт өндөр байгааг, барилгын ур чадварыг албан ёсны болгох тодорхой зам бий болсон байна.

Стандарт, сургалт, зах зээлийн урамшууллыг уялдуулснаар ажлын байрны тоог нэмэгдүүлэхээс гадна, илүү чанартай, тогтвортой болгох нөхцөл бүрдэнэ.

Image

 

3. Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтэд хувийн хэвшлийг татан оролцуулах нь

Хэдэн зуун мянган өрхийн сууцыг шинэчлэхэд зөвхөн Засгийн газрын хөтөлбөр дангаараа хэрэгжих боломжгүй. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ чиглэлд тодорхой ахиц гарч эхэлсэн.

Олон улсын санхүүгийн корпораци (IFC)-ийн Хаан Банктай хамтран хэрэгжүүлсэн Монголын анхны нийгмийн бонд нь орлогод нийцсэн орон сууцыг санхүүжилтийн чухал чиглэл болгон тодорхойлж, хотын орон сууцны шинэчлэлд хувийн хэвшлийн санхүүжилт татах өргөн боломжийг нээж өгч байна.

Энэ бол гурав дахь тулгуур аргачлалын бодит хэрэгжилт бөгөөд нийгэм, эдийн засгийн өгөөж тодорхой боловч зах зээл нь өөрөө хараахан идэвхжээгүй салбаруудад хувийн хөрөнгө оруулалтыг татах санхүүгийн механизм бүрдүүлж, төрийн төсөвт ирэх ачааллыг бууруулан, үр нөлөөг түргэсгэх боломжийг бий болгодог.

Image

 

Загвар төслийн туршлагаас суралцаж, асуудлыг шийдвэрлэх нь 

Орон сууцыг тэсвэрлэх чадвартай болгоход орчныг бүхлээр нь шинэчлэх шаардлагагүй. Өөрийн хүчээр барьсан сууцанд тохиромжтой суурийг сайжруулж, бүтээцийг бэхжүүлэх, дулаан алдагдалгүй байх, агаар нэвтрэхгүй байдлыг хангах зэрэг практик, боломжийн өртөгтэй шийдлүүд аль хэдийнээ бий болсон.

Харин ганц нэг айлаар тогтохгүй, тодорхой стандарт, ажиллах хүчний чадавхжуулалт, чанарын гэрчилгээжүүлэлт, зорилтот санхүүжилтийг уялдуулсан цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд гол асуудал оршиж байна.

Монгол Улсад хотжилт эрчимтэй явагдаж байгаа нь уг асуудлыг илүү яаралтай шийдвэрлэх хэрэгцээг үүсгэж байна. Хот руу шилжин суурьших хүн ам нэмэгдэхийн хэрээр албан бус суурьшлын бүсүүдэд орон сууцны нөхцөл нь хотод бүтээмжтэй ажлын байр бий болгох уу, эсвэл иргэдийг эрүүл мэндийн асуудал, бага бүтээмжийн мөчлөгт оруулах уу гэдгийг шийдэх гол хүчин зүйл болж байна.

Бат-Эрдэнэ шиг иргэдийн хувьд ахиц дэвшил гэдэг бол дулаан сууцтай, цэвэр агаартай, ажилдаа тогтмол явж, эрүүл байх боломжийг хэлнэ. Харин Монгол улсын хотуудын хувьд барилгын салбар нь олон хүнийг чанартай ажлын байраар хангах, ажиллах хүч нь бүтээмжтэй байх, хотын эдийн засгийн тогтвортой өсөлтийг даах чадвартай байдлыг илэрхийлнэ.

Дэлхийн Банк Группын ажлын байр нэмэгдүүлэх хөтөлбөрийн бодит дүр зургийг эндээс харж болох бөгөөд үүний салшгүй нэг хэсэг нь тэсвэрлэх чадвартай орон сууц гэдгийг харуулж байна.

Тэсвэрлэх чадвартай барилгын сургалтын хүрээнд техникийн зөвлөгөө өгч, хамтран ажилласан “Build Change” байгууллагад талархал илэрхийлье.


Dao Harrison

Senior Housing Specialist

Pallavi Sengupta

Urban Development Specialist

Join the Conversation

The content of this field is kept private and will not be shown publicly
Remaining characters: 1000