Монголын нийгмийн халамжийн хөтөлбөрүүд ядуучуудад тусалж байна уу?

This page in:

Албан бус орчуулга.

Image

Монголын эдийн засгийн өнөөгийн байдал нь түүхий эдийн үнэ унасан, эдийн засгийн өсөлт буурсан гэдэг хоёр хүчин зүйлийн нийлбэр дээр байна. Энэ байдал нь орлогын бууралтад илүүтэй өртөж байгаа ядуучууд болон эмзэг бүлгийн хүмүүсийг хамгаалах нийгмийн халамжийн тогтолцоог шаардаж байгаа юм.

Нийгмийн халамжийн тогтолцоо хэр сайн ажиллаж байгааг дүгнэхийн тулд нийгмийн халамж юунд зарцуулагдаж байгааг, ядуу, эмзэг гэр бүлд зарцуулагдаж байна уу, үүнээс тэд хангалттай хамгаалалтыг авч чадаж байна уу гэдгийг авч үзэх хэрэгтэй. 

Монголын нийгмийн халамжийн хөтөлбөрийг авч үзэцгээе

Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд дотроос Монгол бол харьцангуй их хөрөнгийг нийгмийн халамжид зарцуулдаг өгөөмөр орны тоонд орно. 2013 оны байдлаар Монгол улс ДНБ-ийхээ 2,7 хувийг нийгмийн халамжид зарцуулжээ.
Монголын Засгийн газар сүүлийн жилүүдэд иргэдэд бэлэн мөнгө тараах үр ашигтай хэлбэрийг бий болгож, ядуурлыг бууруулах зорилгоор бий болгосон бүртгэлд нийт өрхийн 90 хувийг хамруулж чадсан. Гэсэн ч нийгмийн халамжийн хөтөлбөр харилцан уялдаагүй байгаа бөгөөд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам гэхэд дангаараа 71 хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Эдгээр хөтөлбөр нь ахмад настнуудын тэтгэврээс эхлээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрүүл мэндийн үйлчилгээ гээд олон төрөл байна. Жишээ нь, дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдэд зориулсан “Алдарт эх” хөтөлбөр болон төрийн хүндэтгэл хүлээсэн хүмүүст сар бүр олгодог тэтгэлэг хүртэл бий. Нийгмийн халамжийн хөрөнгийн тал хувь нь Хүүхдийн мөнгө хэлбэрээр тараагдаж байгаа бөгөөд 18 нас хүртэлх бүх хүүхэд сар бүр тодорхой хэмжээний мөнгийг банкаар дамжуулан авч байна. Хүүхдийн мөнгө хөтөлбөр нь ашигт малтмалын орлогыг хойч үедээ тэгшитгэн хувааж байгаа хэлбэр юм.

Ядуурлыг бууруулах зорилт зорилгодоо хүрч байна уу?

Дэлхийн банкнаас Монголын нийгмийн халамжийн тогтолцоонд хийсэн дүн шинжилгээгээр нийт хүн амын 49 хувь нь халамжийн ямар нэг хөтөлбөрийн үр шимийг хүртэж байгаа юм, Хүүхдийн мөнгийг оролцуулаад. Харин Хүүхдийн мөнгийг хасвал хүн амын 19 хувь нь ямар нэг халамжид хамрагдаж, харин 14 хувь нь олон төрлийн халамжид давхардан хамрагдаж байна.

Хэдийгээр Засгийн газар ядуурлыг бууруулах зорилгоор олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч үнэндээ ганц л байнд тусаж байна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, эдгээр хөтөлбөр ядуу болон эмзэг бүлгийн зорилтот хүмүүст хүрэхгүй, харин нийгмийн тодорхой бүлгүүдэд, тухайлбал, ахмад настан, жирэмсэн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгчээ алдсан хүүхдүүд, олон хүүхэдтэй эхчүүд, төрийн хүндэтгэл хүлээсэн хүмүүс зэрэгт хүрч байгаа юм. Хүнсний талон тарааж байгаа нь одоогийн байдлаар ядуурлыг бууруулахад зориулагдсан цорын ганц хөтөлбөр болж байна. Энэ хөтөлбөрт нийт хүн амын гурван хувь хамрагдаж байгаа юм.

Тараагдаж байгаа тэтгэмжийг харвал ядуучуудад түлхүү тараагдаж байгаа. Нийт хүн амын гуравны нэг буюу 34 хувь нь орлого багатай, ядууд тооцогдох хүмүүст халамж тараагдаж байгаа. Гэсэн ч хөрөнгө чинээтэйд тооцогдох хүмүүс буюу хүн амын 40 хувьд нь тараагдаж байгаа халамжийн 28 хувь очиж байна. Гэтэл Европ, Төв Азийн нийгмийн халамжийн тогтолцоо сайтайд тооцогдох орнуудад ядуучуудын 40 хүртэл хувьд халамжаа хүргэж чадаж байна.

Өнөөдрийн байдлаар Монголын ядуу иргэдийн гуравны хоёр нь халамжийн хөтөлбөрийн үр шимийг хүртэж байна. Гэсэн нь хүртэж байгаа халамжийн хэмжээ бага байна. Таван ам бүлтэй ядуу өрхийн орлогын дөнгөж 12 хувийг халамж эзэлж байна. Энд тэдний авч байгаа мөнгөн халамж мөн багтсан байгаа. Гэтэл дэлхий нийтийн жишгээр ядуу өрхийн орлогын 20-35 хувийг халамж бүрдүүлдэг.

Ядуурлыг бууруулахад голлох нөлөө үзүүлэх нийгмийн халамжийн тогтолцоог илүү үр дүнтэй болгох бүхий л боломж Монголын Засгийн газарт бий. Гагцхүү боломжийг ашиглан нийгмийн халамжийг нийгмийн сайн сайхны төлөө шинэчлэх эдийн засгийн зохицуулалт хийж чадах уу гэдэг асуулт урган гарч байна.

Authors

Junko Onishi

Sr Social Protection Specialist

Join the Conversation

The content of this field is kept private and will not be shown publicly
Remaining characters: 1000