Одоо эргэцүүлэн бодоход ээжийн маань “grit” буюу сэтгэлийн хат энэ олон сорилуудийг даван туулж хариуцлагатай, тууштай, өөдрөг байхад нь улам их хүч өгсөн гэж би боддог. Түүний хүсэл тэмүүлэл болоод нөр их хөдөлмөр манай хөршүүд болоод дүүргийн олон айлуудад гайхалтай эерэг нөлөө үзүүлж, ээж маань нэгэн ашгийн бус байгууллагад 400-аад ядуу өрхийн эмэгтэй тариаланчдад өөрийн санаачилгаараа хөдөө аж ахуйн арга техник зааж сургаж, тэднийг өөрсдийн гэсэн орлоготой эдийн засгийн чадавхитай болоход нь туслалцаа үзүүлсэн. Ээжээсээ болон эдгээр эмэгтэйчүүдийн дундаас миний олж харсан гол зан чанар бол тэдний ямар ч асуудалтай тулгарсан даван гарахад бэлэн тэр их сэтгэлийн агуу хат юм.
Хөдөө аж ахуйн салбарт тариалангаа хөгжүүлж ургацаа борлуулах нь амжилттай аж ахуйг босгон өргөжүүлэхэд маш чухал хүчин зүйлс болдог билээ. Гэвч үүнд хүрэхийн тулд тодорхой хэмжээний багаж төхөөрөмж, хөдөлмөр эрхлэлтийн зардалд хөрөнгө оруулах хэрэг гардаг. Ялангуяа хөгжиж буй орнуудад хөдөө аж ахуйн зах зээл жижиг, чанартай бус капитал, санхүүгийн зах зээл бүрэн хөгжөөгүй гэх мэт сорилууд хамгийн ихээр тулгардаг нь хөдөө аж ахуйн салбарт бизнес эрхлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийхэд илүү өртөг өндөртэй, эрсдэлтэй бөгөөд эргэлзээтэй болгож байдаг. Эдгээр бэрхшэээлүүд нь ихэвчлэн эмэгтэй бизнес эрхлэгчдэд илүү хүчтэй нөлөө үзүүлдэг бөгөөд энэ нь жендэрийн тогтсон хэм хэмжээтэй шууд холбоотой юм.
Дэлхийн Банкны Африк тивийн Жендер Инновацийн төв нь нэгэн сонирхолтой судалгаа гаргасан байна. Уг судалгаагаар эмэгтэйчүүдийн сэтгэлийн хат, тэдний тууштай зан чанар, өөдрөг үзэл, хүсэл тэмүүлэл зэрэг хувь хүний ур чадварууд хөдөө аж ахуйн салбарт хэрхэн амжилт авчирдаг болохыг батлан харуулжээ. Дэлхийн Банкны эдийн засагчид Малави улсад 500 гаруй фермтэй айлуудаас судалгаа авч статистик анализ хийсний үр дүнд эмэгтэйчүүдийн сэтгэлийн хаттай холбоотой чадварууд тэднийг өндөр ашигтай аж ахуй эрхлэхэд ихээхэн нөлөө үзүүлдэг болохыг баталжээ. Өөрөөр хэлбэл сэтгэлийн өндөр хаттай эмэгтэйчүүдийн эрхэлсэн хөдөө аж ахуйн бизнес, хат багатай эмэгтэйчүүдийн үйлдвэрлэлээс хавьгүй илүү ашигтай байсан нь энэхүү судалгаагаар илэрсэн нь сэтгэлийн хат болоод хувь хүний чадамж хэрхэн үр өгөөжөө өгдгийг харуулж байна. Үүнээс суралцан олон улсын төсөл зохион байгуулагчид болон бодлого боловсруулагчид хөдөө аж ахуй эрхэлдэг эмэгтэйчүүдийг дэмжин хувь хүний чадварт бэлтгэж өгөх нь бие даасан, эдийн засгийн хувьд чадамжтай иргэд болоход нь туслах юм.
Африк тивийн өөр нэг зүгт орших Того улсад гүйцэтгэсэн Дэлхийн Банкны бас нэгэн судалгаа эмэгтэйчүүдийн сэтгэлийн хат, хувь хүний ур чадварыг хот суурин газарт мөн л чухал үүрэгтэй болохыг тодотгож байна. Энэхүү туршилтаар Дэлхийн Банкны зүгээс эмэгтэйчүүдэд хувь хүний санаачилгыг дэмжих болон бизнес сэтгэлгээг нь хөгжүүлэх сургалт явуулсан бөгөөд энэ нь ердийн бизнес сургалтаас хамаагүй үр дүнтэй, хүчирхэг зэмсэг болохыг батлан харуулжээ. Малави болон Того улсад хийгдсэн эдгээр судалгааны эерэг үр дүн дээр тулгуурлан Жендэр Инновацийн төв удахгүй Мозамбик улсад эмэгтэй хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт болон үр дүнгийн судалгаа явуулах төлөвлөгөөтэй байна.
Өөрийн Монгол дахь туршлага болоод Дэлхийн Банкны статистик судалгаан дээр тулгуурлан хувь хүний чадамж, сэтгэлийн хат нь хөдөө аж ахуйн бүтээмж болон ядуурлыг бууруулахад ямар чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг би илүү ихээр ойлгосон. Гэвч хөдөө аж ахуй эрхлэгч эмэгтэйдийг хөгжүүлэхэд ямар дэмжлэг туслалцаа илүү үр дүнтэй байдаг мөн хувь хүний чадамжууд өөр өөр нөхцөл байдалд хэрхэн хувьсдгийг нарийн харуулсан судалгаа төдийлөн хангалттай бус байна. Тэгэхээр энэхүү нийтлэлээрээ дамжуулан миний бие сэтгэлийн хат болоод хувь хүний санаачилгыг хөгжүүлэх чиглэлээр судалгаанд суурилсан төслүүдийг хөдөө аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулан төлөвлөж, туршиж, үнэлэн дүгнэхийг дэлхийн бодлого боловсруулагчид болон төслийн удирдагчдад уриалж байна.
Англи хэл дээрх эх хувийг эндээс уншаарай.
Join the Conversation