Албан бус орчуулга.
Бид Дэлхийн Банк болон Монгол улсын Засгийн газар хоорондын 25 жилийн түншлэлийн түүхийг авч үзэж байгаа билээ. Өнөөдөр бид 2003 оныг авч үзнэ. ДНБ долоон хувиар өссөн нь шилжилтийн үеэс хойших хамгийн өндөр өсөлттэй жил байлаа. Гэсэн ч хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл түүхэн доод түвшиндээ байсаар байлаа: ДНБ-д эзлэх ХАА-н салбарын хувь 1998-1999 онд 35 байснаа зудын улмаас 2003 онд 21 хувь болтлоо буурсан юм.
Дараалсан хахир өвлийн дараагаас Дэлхийн Банкны хөтөлбөр хөдөөгийн хүн амын амьжиргаанд анхаарал хандуулах боллоо. Дэлхийн Банкны энэ алхам Монгол улсын Засгийн газрын боловсруулсан анхны бүрэн хэмжээний Ядуурлыг бууруулах бичиг баримтад (PRSP) дэмжлэгээ олсон юм. Энэхүү баримт бичиг нь агуулгын хувьд ч, хамрах хүрээний хувьд ч маш өргөн байж Монгол дахь ядуурлын мөн чанарыг ойлгоход анхаарал хандуулсан байлаа. Энд дурдагдсанаар байгаль орчны асуудал эмзэг асуудлын нэг байлаа. Хахир өвөл, хот рүү нүүсэн их нүүдэл зэрэг нь экологийн асуудлыг гэрэл цохиуллаа. Газрын менежмэнтийг хариуцдаг байгууллагууд илүүтэй санаа зовинож эхэллээ. Амьжиргааг тогтвортой байлгах хөтөлбөр нь газрын ашиглалт, менежмэнтийн асуудалтай уялдах хэрэгтэй боллоо.
2003 онд УИХ Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг баталж, Байгаль, орчны яам 2002 оныг Газрын жил болгон тунхаглалаа. Газрын хөрсний доройтлын шалтгаанд Засгийн газар анхаарал хандуулж, газрын менежмэнтийг сайжруулах зорилгоор газар хамгаалах бодлого болон практик ажиллагааны мэдээллүүдийг түгээж эхэлсэн. Хэдийгээр ийм хичээл зүтгэл байсан ч газрын хөрсний доройтлын өөрийн зүй ёсны шалтгаан болон хүний хүчин зүйлийн шалтгааны хоорондох төвөгтэй харилцааны талаар ойлголт бага байлаа. 2003 онд Монголын Байгаль орчны мониторингийн судалгаагаар газар ашиглалт, ядуурал, иргэдийн амьжиргааны харилцан уялдааг судалсан. Мөн газрын менежмэнтийн хууль эрх зүй, энэ асуудлыг хариуцсан институтийн онцлогыг судаллаа. Монголын ноолуурын салбарт хийсэн өөр нэг судалгаагаар “газар, ус зэрэг нэн чухал нөөцийн эзэмшил, ашиглалттай холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай” гэсэн дүгнэлт хийсэн байдаг.
2003 онд төрийн удирдлагад мөн анхаарал хандуулсан. Эдийн засгийн чадавхийг бий болгох техникийн тусалцааны зээлийн төсөл (ECTAC) нь төрийн албаны удирдлагын менежмэнтийг дэмжихэд чиглэгдсэн бөгөөд төсвийн төлөвлөлт, зарцуулалтын менежмэнтийг сайжруулах, төрийн алба болоод төрийн удирдлагын үр ашгийг дээшлүүлэх зорилготой байсан. Энэ нь дараагийн жилүүдэд үргэлжилсэн төсвийг бэлтгэх, боловсруулах, хэрэгжүүлэх явц, зарцуулалтыг хянах тогтолцоог сайжруулах олон төслийн нэг байсан. Энэ төслийн хамрах хүрээ, бодлого нь Засгийн газрын санхүүжилт, менежмэнтийн мэдээллийн систем болон өргөжиж /GFMIS/ Засгийн газрын худалдан авалтын бодлогын үндэс болсон. (2003 оны Худалдан авалтыг үнэлэх тайлан нь худалдан авалтын ажиллагааны үр ашгийг дүгнэх, худалдан авах ажиллагааг ил тод байлгах зорилготой байсан). 2009 онд санхүүгийн хямралтай уялдан ECTAC төслийг өөрчлөн боловсруулахад энэ төсөл Төсвийн тогтвортой байдлын тухай болон Төсвийн тухай хуулийн угтвар болсон. Төсвийн удирдлагын хүрээнд энэ төслийн гүйцэтгэсэн үүргийг магтан сайшааж байсан ч төрийн албыг өөрчлөн шинэчлэх нэг гол зорилгоо энэ төсөл биелүүлж чадаагүй юм. Үүнээс авсан сургамж төрийн албаны шинэчлэлийн дараагийн төслүүдэд шингэсэн.
Дэлхийн Банк өөрийн мэдээллийн бодлогын хөгжилдөө ил тод байдлыг чухалчлан үздэг. 2003 Олон нийтийн мэдээллийн төвийг бэхжүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлж Орчуулгын ажлын цар хүрээг тодотгон баталсан бөгөөд ингэснээр Дэлхийн Банкны үйл ажиллагааны талаарх мэдээллийг түгээх, мэдээлэл олж авах боломжийг өргөжүүлж, Дэлхийн Банкыг сонирхох сонирхлыг нэмэгдүүлэх, оролцоог бий болгосон. Олон нийтийн мэдээллийн төв нь Монголын хөгжлийн талаарх мэдээллийг авах сонирхолтой хүн бүхэнд нээлттэй. Монголд таван ийм мэдээллийн төв ажиллаж байна. Тухайлбал, Нээлттэй Нийгэм хүрээлэнд, Монголын Үндэсний Их сургуульд, Дархан-Уул болон Өмнөговь аймгийн номын санд, мөн УИХ-ын Тамгын газарт.
Дараагийн удаа бид 2004 оныг авч үзэх бөгөөд уул уурхайн салбарын өсөн нэмэгдэж байгаа ач холбогдлын талаар ярилцана.
Join the Conversation