Албан бус орчуулга.
Дэлхийн Банк болон Монгол улсын хамтын ажиллагааны 25 жилийн түүхийг бид жил жилээр эргэн харж байгаа. Өнөөдөр бид 2008 оныг авч үзье. 2008 он монголчуудын хувьд хар, цагаан аль алинаар нь дурсагдан үлдэх он болсон. Хар гэдэг нь 2008 оны парламентын сонгуулиас үүдэлтэй хэрэг явдал байлаа. Жирийн таван иргэн амиа алдаж, нийслэл Улаанбаатар хотод хоёр өдөр, гурван шөнө онц байдал тогтоосон. 1990 онд Монгол улс нэг тогтолцооноос нөгөө рүү тайван замаар шилжсэнээрээ бахархаж байсан бол 2008 оны хэрэг явдал нь ардчиллын 25 жилийн түүхэн дэх хамгийн хар цаг үе байлаа.
2008 энэхүү хар хэрэг явдлын дараахан Найдангийн Түвшинбаяр Бээжингийн олимпоос Монголын анхны олимпийн алтан медалийг хүртсэн юм. Төв талбайдаа цуглан Монголынхоо далбааг намируулж, алга ташин баяр хүргэж байсан хүмүүсиййн царайг би хэзээ ч мартахгүй. Дэлхийн Банкны Монголыг хариуцсан захирал Дэвид Доллар энэ түүхэн үйл явдлын гэрч бөгөөд “Энэ үйл явдал нь өрсөлдөгч улс төрийн намынхан хоорондоо гар барьж, бахархлаа хуваалцахаар ач холбогдолтой байсан юм” гэж бичсэн байдаг.
2008 он Дэлхийн Банк болоод Монгол улсын түншлэлд зарим чухал мөчийг авчирсан. Олон талын оролцогчдыг хамруулсан Эдийн засгийн бодлогын бага хурлыг энэ онд хийсэн нь цагаа олсон хэрэг байлаа. Тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогтын хэлснээр Монголын гадаад валютын нөөц нэг тэрбум ам.долларт хүрч, 1990 онтой харьцуулахад эдийн засаг огцом өссөн. Уул уурхайн салбар эрчимтэй өсөх нь тодорхой болж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн ч улс орны эдийн засагт сорилтууд бас тулгарч байлаа. Дэлхийн Банкны санаачилгаар Монголын Засгийн газрын зохион байгуулсан энэ бага хурлаар улстөрчид, эрдэмтэд, төрийн албан хаагчдыг эдийн засгийн төлөв байдлын тухай харилцан ярилцах, гадаадын хөрөнгө оруулалтыг улам бэхжүүлэх ямар арга зам байна, мөн уул уурхайн салбарыг хөгжүүлэхийн тулд гадаад улс орны туршлагаас солилцох зорилготой байсан.Дэлхийн Банкны ахлах эдийн засагч Жастин Лин, ОХУ-ын Ерөнхий сайд асан Егор Гайдар, Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан дэд ерөнхийлөгч Жим Адамс зэрэг өндөр түвшний төлөөлөгчид энэ хуралд оролцсон юм. Энэ арга хэмжээ 2009 оноос тогтмолжиж, Монголын Эдийн засгийн форум болон өргөжсөн билээ. Одоо энэ арга хэмжээг ТББ удирдан зохион байгуулдаг. Үндэсний хэмжээнд хэлэлцэх талбар бий болгож чадсан нь Монголын хувьд ач холбогдолтой алхам байлаа. Монголчууд “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэж ярьдаг шүү дээ.
Энэ 2008 онд Дэлхийн Банк Олон улсын хөгжлийн агентлаг болон итгэлцлийн сангаас санхүүжсэн хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн юм. Уул уурхайн салбарыг институтын хувьд бэхжүүлэх техникийн (MISISTAP) төсөл нь уул уурхайн салбарын орлогыг удирдах, салбарын эдийн засгийн бодлогыг тодорхойлох, зохицуулалтыг сайжруулах замаар уул уурхайн салбарыг хөгжүүлэх, уул уурхайн салбарын төрийн эзэмшлийн удирдлагыг сайжруулахад чиглэсэн.
Шүүхийн салбарын үйлчилгээг сайжруулах төсөл мөн энэ онд батлагдсан. Эхлэл нь жаахан төвөгтэй байсан ч энэ төсөл эцэстээ төрийн хууль эрх зүйн мэдээлэл болон хууль зүйн зөвлөгөө өгөх чиглэлийг дэмжиж, хууль зүйн сургалтын чанар агуулгыг сайжруулахад ихээхэн дэмжлэг болсон билээ.
2008 онд хэрэгжүүлсэн олон төсөл, тухайлбал, тэдний нэг Тогтвортой амьжиргаа төсөл нь нөхцөл байдал, цаг хугацааны өөрчлөлттэй уялдан Монголын онцлогт тохируулан гарааны хэлбэрээр эхэлж, улмаар өргөжин улсын хэмжээнд болох ерөнхий дүр зургийг харуулсан. Призмээр тусгах гэрэл мэт Дэлхийн Банк-Монголын харилцан түншлэл нь солонгорч, хөгжил хэрэгтэй байгаа салбар болгонд хүрч байлаа.
Гадаад орчноос ирэх мэдээ 2008 онд Монголыг түгшээсэн юм. Монголын эдийн засгийн улирлын тайлангийн аравдугаар сарын дугаарт өгүүлснээр “Саяхнаас улам муудсан АНУ-ын санхүүгийн хямрал дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нөлөөлж эхэлсэн нь Монголын эдийн засагт нэмэлт дарамт болж, макро эдийн засгийн тэнцвэргүй байдлыг үүсгэнэ. Ялангуяа зэсийн үнийн уналт, дэлхий нийтийн мөнгөний хомсдол дэлхийн нийт эдийн засгийн өсөлтийг бууруулж, зэсийн үнийг унагаан, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хумина. Энэ бүхний үр дагавар нь Монголын хувьд одоо байгаа алдагдлыг нэмэгдүүлж, төсвийн орлогыг бууруулж, хөрөнгө оруулалтын хэрэгцээг улам нэмэгдүүлнэ. Харин энэ бүхэн нь шинэ Засгийн газрын хувьд инфляцийг нам түвшинд барихын зэрэгцээ өсөлтийг хангах бодлогыг тодорхойлох шаардлагыг бий болгоно. Төсвийг бодлогыг нийгмийн халамж болон эмзэг хэсгийнхнийг хамгаалах руу чиглүүлэх болно” хэмээн бичсэн байдаг.
Дараагийн удаа бид 2009 оны авч үзнэ. Үүгээр бид дэлхийн санхүүгийн хямрал нь Монголд нөлөөлж, сүүлийн 16 жилийн хугацаанд анх удаа өсөлтийг хасах үзүүлэлттэй болгосон тухай ярина.
Жим Андерсоны хамтаар бэлтгэлээ.
Join the Conversation