КОВИД-19 цар тахлын дараах Монгол Улс: Хүртээмжтэй өсөлтөд тулгарч буй эрсдэлүүд

This page in:
A woman is making a purchase from a fruit kiosk in the capital city of Mongolia, Ulaanbaatar. Photo: World Bank A woman is making a purchase from a fruit kiosk in the capital city of Mongolia, Ulaanbaatar. Photo: World Bank

Ядуурлыг эцэслэх олон улсын өдрийн 30 жилийн ой энэ долоо хоногт тохиож байна. Энэ өдөр хүн төрөлхтөн ядуурлыг устгах үүрэг амлалт хийгээд хамтын хариуцлагаа дахин нотолдог билээ.

Монгол Улс бусад улсын адилаар ядуурлыг бууруулж, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх чиглэлээр үлэмж ахиц гаргасан нь маргаангүй юм. Гэвч Монголын ядуурлыг бууруулах хурдац сүүлийн арван жилд хэрхэн хэлбэлзэж ирсэн нь анхаарал татаж байна.

Энэ оны 9 дүгээр сард Үндэсний Статистикийн Хороо болон Дэлхийн Банкнаас хамтран гаргасан “Ядуурлын дүр төрх 2020: Ядуурлыг бууруулахад ахиц дэвшил гаргасан болон зогсонги байдалд орсон арван жил” тайлангаас харахад Монгол Улсын ядуурлын түвшин 2010-аас 2014 оны хооронд даруй 17 нэгж хувиар буурчээ. Гэвч 2016 оны хямралаас хойш ядуурал буурах хурдац үлэмж саарч, үндсэндээ зогсонги байдалд оров. Ялангуяа 2020 оны эцэс, 2021 онд цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл бэрхшээл ажил эрхлэлт, орлого, ядууралд мэдэгдэхүйц сөргөөр нөлөөлөв.

Цар тахлаас хойш Зүүн Ази, Номхон далай (ЗАНД)-н бүс нутгийн олон улс орон тогтвортой өсөлтийн замдаа эргэн орж байна. Харин Монгол Улсын эдийн засгийн хувьд ахиц дэвшил чамлалттай байхаар байна. Монгол Улсын эдийн засаг 2020 онд огцом унасан ч 2021 оны эхээр хүчтэй сэргэсэн билээ. Гэвч түүнээс хойш зогсонги байдалд орсон шинж тэмдгүүд ажиглагдах болов. Вьетнам, Малайз зэрэг ЗАНД-н улс орнуудын хувьд гадаад эрэлт экспортыг нь сэргээн цар тахлын дараах өсөлтийг авчирсан билээ. Харин Хятад улсын 2021 оны дунд үеэс эхлэн тавьсан хилийн хязгаарлалтууд 2022 онд ч үргэлжилсэн нь Монголын экспортод сөргөөр нөлөөлөв.

Зураг 1. 2020, 2022 оны (хүлээгдэж буй гүйцэтгэл) ДНБ-ий бодит өсөлт (%):

Figure 1. Real annual GDP growth (%): 2020 vs. 2022 (projected)
Эх сурвалж: Макро ядуурлын төлөв байдал, 2022 оны 10 дугаар сар
Жич: Тасархай шугамууд нь дэлхийн голч (медиан) үзүүлэлтүүдийг илтгэнэ.

Тайланд дурдсанаар эдийн засгийн өсөлт ийнхүү саарч байгаа нь ядуу өрхүүдийн хэрэглээг хумин, улмаар ядууралтай хийх тэмцэлд сөргөөр нөлөөлж болзошгүйг байна. Монгол Улс цар тахлын дараах эдийн засгийн өсөлт иргэн бүрд хүртээмжтэй байхад анхаарах ёстой юм. Тэгвэл тэрхүү хүртээмжтэй өсөлтийг эрсдэлд оруулж болох хүчин зүйлс нь юу вэ?

Худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж буй үнийн өсөлт

Монголын хөдөлмөрийн зах зээл 2020-2021 оны огцом уналтын дараа үндсэндээ сэргэж байна. Аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа нээж, нөхцөл байдал хэвийн түвшиндээ эргэн очиж байна. Гэвч Монголын эдийн засаг инфляцын өсөлт гэх шинэ сорилттой тулгарав. Хятад улсын хил хаалттай байх, Украинд өрнөж буй дайн, төгрөгийн ханшийн уналт зэрэг нь дотоодын төдийгүй импортын бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөхөд нөлөөлөв (Зураг 2). Хүнс, эрчим хүч, тээврийн үнэ 2020 оны сүүлээс мэдэгдэхүйц өссөн байна. Инфляцын задаргааг харвал талаас илүү хувийг импортын барааны үнийн өсөлт тайлбарлаж байгаа юм.

Зураг 2. Инфляцын түвшин

Figure 2. Inflation rate
Эх сурвалж: Монгол Улсын Үндэсний Статистикийн хороо
Жич: Илүү урт хугацааны хандлагыг харуулах үүднээс тоо мэдээ нь 2020 оны бус харин 2015 оны сагсанд суурилсан хэрэглээний үнийн индекс (ХҮИ)-ийг ашиглаж байгаа болно. Иймд, 2015 оны ХҮИ болон түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн хандлага нь 2020 оныхоос бага зэрэг ялгаатай байж болно.

Тасралтгүй өссөөр байгаа инфляц нь Монголын айл өрхүүдийн худалдан авах чадварыг доройтуулж байна. Үнийн өсөлт (ялангуяа хүнсний бүтээгдэхүүний) нь нийт хэрэглээнийхээ 40 орчим хувийг хүнсний бүтээгдэхүүнд зарцуулдаг ядуу, эмзэг бүлгийн өрхүүдэд онцгой хүндээр тусч байна. Хүнсний аюулгүй байдал 2020, 2021 онуудад ядуу айл өрхүүдийн хувьд тулгамдсан асуудал болж байсан бөгөөд үнийн өсөлт санаа зовоох гол асуудал байв. Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 2022 даамжирч байгаа нь ядуу, эмзэг бүлгийн өрхүүдэд урт хугацаанд үр дагавартай хүндхэн нөлөө үзүүлж болзошгүй байна.

Төсвийн дэмжлэгийн үр ашиггүй хуваарилалт ядуурлыг бууруулах хурдад сөргөөр нөлөөлөх нь

Царт тахлын сөрөг нөлөөллийг сулруулах үүднээс Засгийн газар ард иргэддээ олон талын дэмжлэг, туслалцаа үзүүлсээр ирэв. Нэгэн онцлох арга хэмжээ 2020 онд хэрэгжсэн нь Хүүхдийн Мөнгө хөтөлбөрийн хүрээнд олгох тэтгэмжийг нэмэгдүүлсэн явдал юм. Тухайлбал, нэг хүүхдэд олгож байсан 20 мянган төгрөг (6 ам.доллар)-ийг 5 дахин нэмэгдүүлж 100 мянган төгрөг (30 ам.доллар) болгосон тус арга хэмжээний нийт төсөв өдгөө ДНБ-ий 3 гаруй хувийг эзэлж байна. Ерөнхийд нь авч үзвэл Монгол Улсын Засгийн газраас айл өрхүүддээ үзүүлсэн тусламжийн ДНБ-д харьцуулсан харьцаа бүс нутагтаа хамгийн өндөр байна.  

Монгол Улсын төсвийн болон гадаад тэнцвэргүй байдал улам нэмэгдэж буй энэ үед төсвийн зөв, зохистой бодлого шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхээр байна. Тухайлбал, үр дүнтэй арга хэмжээнд хязгаарлагдмал нөөцийг ядуу, эмзэг бүлгийн иргэдэд чиглүүлэх, хөрөнгө оруулалтыг өсөлтийг дэмжихэд чиглүүлэх зэргийг дурдаж болох юм. Төсвийн үр ашиггүй зардлыг танаж инфляцыг хазаарласнаар ядуу иргэдэд учирч буй дарамтыг шууд бусаар бууруулах боломжтой. Тухайлбал, Хүүхдийн Мөнгийг зөвхөн бодит хэрэгцээ шаардлагатай өрхүүдэд чиглүүлснээр төсвийн зардлыг бууруулах юм. Монгол Улсын чинээлэг өрхийн 60 хувийн бараг тэн хагас нь 2020 онд хүүхдийн мөнгө авч байжээ. Хүүхдийн мөнгийг хавтгайруулан олгосноор тус тэтгэмжийн үр ашгийг бууруулаад зогсохгүй ядууралтай хийх тэмцлийг сулруулаад байна. Түүнчлэн энэхүү хамтарсан тайланд дурдсанаар Хүүхдийн Мөнгийг нэмэгдүүлсэн нь эдийн засгийн хувьд үр ашиггүй байсан байх магадлалтай байна. Учир нь Хүүхдийн Мөнгө авч байсан олон айл өрх (түүний дотор ядуу өрхүүд ч тэр) цар тахлын үеэр Хүүхдийн Мөнгийг зарцуулахаасаа илүүтэйгээр хуримтлуулж байв.

Энэ хүнд хэцүү, шийдвэрлэх үед бодлогоо үнийн өсөлтийг хазаарлах, эдийн засгийн зогсонги байдлыг даван туулахад чиглүүлж ядуу, эмзэг бүлгийн өрхүүдээ хамгаалах шаардлагатай байна. Ингэснээр Монгол Улс дундаас дээш орлоготой улс орон болох зорилгодоо хүрэх замдаа эргэн орж, иргэдийнхээ сайн сайхан байдлыг хангах боломж бүрдэх билээ.


Authors

Andrei Mikhnev

Country Manager for Kazakhstan and Turkmenistan

Ikuko Uochi

Senior Economist, World Bank

Lydia (Ypsse) Kim

Extended Term Consultant, Poverty and Equity Global Practice, World Bank

Join the Conversation

The content of this field is kept private and will not be shown publicly
Remaining characters: 1000