Монгол Улс ба КОВИД-19 хямрал – Хямралын дундах жижиг амжилт

This page in:
???????????? ??? ?????? ??? ???? ?????? ??????.? Короновируст цар тахлын үед маск өмссөн хүмүүс.”

Дэлхий нийт КОВИД-19 хямралын эсрэг тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа ч цар тахал эхэлснээс хойших нэг жилийн хугацаанд хувийн хэвшил хямралыг хэрхэн даван туулж байгааг ажиглах нь чухал ач холбогдолтой байна. Тухайлбал, 5 ба түүнээс дээш тооны ажилтантай, хөдөө аж ахуй, уул уурхайгаас бусад салбарыг төлөөлөхүйц 360 компанийг түүвэрлэн авч Дэлхийн Банк Монгол улс дахь хувийн хэвшлийн цуврал судалгааг хийлээ . Эдгээр бизнес эрхлэгчидтэй эхний ээлжид 2019 онд явуулсан аж ахуйн нэгжийн жишиг судалгааны ажлын хүрээнд ярилцлага хийж байсан бол үүний дараагийн 2 шатны судалгааг 2020 оны 8-р сар, 2021 оны 2-р сард тус тус хийв. Судалгааны үр дүнгээс харахад, Монголын бизнес эрхлэгчид маш хүнд хэцүү цаг үеийг туулж байгаа хэдий ч, сэргэлтийн зарим нэгэн  шинж тэмдэг аль хэдийнээ ажиглагдаж эхлээд байна.

КОВИД-19 цар тахал нь ААН-үүдийн санхүүгийн хэд хэдэн үзүүлэлтүүдэд өргөн хүрээнд нөлөөлж байгаагийн зэрэгцээ нөлөө нь улам бүр нэмэгдсээр байна. Судалгаанд оролцсон нийт ААН эрхлэгчдийн 82 хувь нь 2020 оны 8-р сард бэлэн мөнгөний хомсдолд орсон байсан бол 2021 оны 2-р сарын байдлаар тус үзүүлэлт 99 хувьд хүрсэн  буюу бараг бүх ААН эрхлэгчид цар тахал эхэлснээс хойш бэлэн мөнгөний хомсдолд орсон хэмээн хариулжээ. Тухайлбал, 2020 оны 8-р сарын байдлаар нийт компаниудын 67 хувь нь бэлтгэн нийлүүлэгчдэдээ төлөх төлбөрөө долоо буюу түүнээс дээш хоногоор хойшлуулсан байсан бол 2021 оны 2-р сарын байдлаар энэ үзүүлэлт бараг 90 хувь болж нэмэгдсэн байна. Мөн хугацаанд санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөртэй ААН-үүдийн хувь хэмжээ 27 хувиас 76 хувьд хүрч өссөн нь нэлээн том өөрчлөлт байв. Түүгээр ч зогсохгүй, тэдний санхүүгийн ирээдүйн ачааллын талаарх хүлээлт ч мөн адил дордож, бизнес эрхлэгчдийн 89 хувь нь цаашдаа өр төлбөрөө хугацаанд нь төлөх боломжгүй болно гэсэн төсөөлөлтэй байна.

Олон ААН-үүд хаалгаа барихад хүрсэн ч, ихэнх нь ирээдүйд үйл ажиллагаагаа дахин эхлүүлнэ гэсэн найдлага тээж байна.  ААН эрхлэгчдийн итгэмээргүй өндөр хувь нь удаан хугацаанд алдагдал хүлээхгүйн тулд хаалгаа бүрмөсөн барьжээ. Энэ тоо 2020 оны 8-р сард 3 хувь байсан бол эдүгээ 27 хувь болж өссөн байна. Томоохон (100 ба түүнээс дээш ажилтантай) компаниудтай харьцуулахад жижиг (5-19 ажилтантай) аж ахуйн нэгжүүд санхүүгийн чадавх болон хямралыг сөрөх хүчин чадал дутмагаас шалтгаалан хаалгаа барих магадлал хоёр дахин илүү байна. Гэсэн хэдий ч, бүрмөсөн хаагдсан компаниудын төлөөллийн 62 хувь нь ирээдүйд бизнесээ дахин нээнэ хэмээн хариулсан нь эдийн засаг дахь тодорхой бус байдал намжсаны дараа эдийн засаг хурдан сэргэх боломжтой гэсэн итгэлийг төрүүлж байна.

Эрэлтийн гаралтай цочролын сөрөг нөлөө саарч, бизнесүүд үйл ажиллагаагаа эрчимжүүлж эхэлж байгаа ч нийлүүлэлтийн гаралтай цочрол асуудал дагуулсан хэвээр байна. Бүтээгдэхүүн, үйлчилгээнийх нь эрэлт буурч байна хэмжээн хариулж байсан бизнес эрхлэгчдийн хувь 2021 оны 2-р сарын байдлаар 59 хувьд хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 нэгж хувиар буураад байна. Хэдийгээр энэ нь санаа зовнихуйц өндөр үзүүлэлт хэдий ч, бизнесийн идэвхжил зөв чиглэлд нэгэнтээ эргэснийг харуулж байна. Эрэлт ийнхүү сэргэж, бизнес эрхлэгчид эрэлтэд нийцтэйгээр нийлүүлэлтээ нэмэгдүүлэх гэж хичээж байгаа тул үйлдвэрлэлийн хүчин чадлын дундаж ашиглалт (боловсруулах үйлдвэрийн жишээн дээр хийсэн хэмжилт) 2020 оны 8-р сард 71 хувь байснаас 97 хувьд хүрээд байна. Үйлдвэрлэл ийнхүү сэргэж эхэлснээр 2019 оны 12 дугаар сараас хойших хугацаанд ажиллагсдаа цөөлсөн бизнес эрхлэгчдийн хувь буурч эдүгээ 28 хувь буюу 2020 оны 8-р сарын түвшний бараг тал хувьтай тэнцэж байна. Гэсэн хэдий ч нийлүүлэлтийг эрчимжүүлэхэд хүндрэлтэй хэвээр байгаа бөгөөд бизнес эрхлэгчдийн 76 хувь нь үйлдвэрлэлийн түүхий эд, материалын нийлүүлэлт буурсан гэж хариулсан нь нийлүүлэлтийн сүлжээ саатаж байгааг илэрхийлж байна. 

Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа тасалдуулалгүй үргэлжлүүлэхийн тулд технологийн дэвшлийг ашиглах, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах замаар дасан зохицож байна.  Бизнес эрхлэгчдийн шинэ нөхцөл байдалд дасан зохицох гайхалтай чадвар нь эдийн засаг эргэн сэргэх боломжийг бий болгох чухал хүчин зүйл болж байна. Тухайлбал, бизнес эрхлэгчдийн талаас илүү хувь (55 хувь) нь үйлдвэрлэл, үйлчилгээндээ зохицуулалт хийх эсвэл нөхцөл байдалдаа тохируулсан өөрчилсөн гэж мэдээлжээ. Нийт аж ахуйн нэгжүүдийн гуравны нэг (31 хувь) нь цахим бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн эсхүл өргөжүүлсэн гэж хариулсан бол бол 40 хувь нь хүн хоорондын зай барих боломжийг харгалзан хүргэлтийн үйл ажиллагааг ашиглаж эхэлсэн эсхүл ийм хэлбэрийн үйл ажиллагаагаа нэмэгдүүлсэн байна. Нийт ажиллагсдын дунд зайнаас ажиллаж буй ажиллагсдын эзлэх хувь 2020 оны 8-р сард 11 хувь байсан бол 2021 оны 2-р сард 29 хувьд хүрч өсжээ. 

Төрөөс үзүүлэх дэмжлэгийн хамрах хүрээ нэмэгдэж, олон бизнес эрхлэгч тун удахгүй дэмжлэг авна гэсэн хүлээлттэй байна. 2020 оны 8-р сарын байдлаар бизнес эрхлэгчдийн 47 хувь нь төрийн аль нэг дэмжлэгт хамрагдсан эсхүл хамрагдахаар зэхэж байсан бол эдүгээ бизнес эрхлэгчдийн гуравны хоёр нь төрийн ямар нэг хэлбэрийн дэмжлэг авсан, эсхүл ойрын хугацаанд авна гэсэн хүлээлттэй байна. Дээрх өөрчлөлтийн дийлэнх нь хүлээлт нэмэгдсэнтэй холбоотой бөгөөд 2020 оны 8-р сард бизнес эрхлэгчдийн 12 хувь нь ийм хүлээлттэй байсан бол эдүгээ 26 хувь нь ирэх гурван сард багтаан дэмжлэгт хамрагдана гэж найдаж байна. Засгийн газар олон хэрэгслүүдээр дамжуулан дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд үүний зарим нь хамгийн их хэрэгцээтэй байгаа жижиг аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн байна.   

Эдийн засаг бүрэн сэргэх хүртэлх зам магад урт, хүнд хэцүү байх бөгөөд үүний тулд вакцинжуулалт болон эрүүл мэндийн бусад арга хэмжээ зэрэг олон чиглэлээр асар их хүчин чармайлт гаргах шаардлагатай  болж байна. Монголын олон аж ахуйн нэгжүүд үүдээ хаах, ажиллагсдаа цомтгох, эсхүл үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөх зэрэг амаргүй шийдвэрүүдийг гаргахад хүрсэн хэдий ч энэ хүнд хэцүү үед хувийн хэвшлүүд гайхалтай уян хатан байж, шинэ нөхцөлд дасан зохицож улмаар дотоод эрэлт сэргэх нэг хөшүүрэг болж байгаа нь хямралын дундах жижиг амжилт гэж хэлж болохоор байна.


Authors

Andrei Mikhnev

Country Manager for Kazakhstan and Turkmenistan

Join the Conversation

The content of this field is kept private and will not be shown publicly
Remaining characters: 1000