Ангилал ямар учиртай вэ?

This page in:

Албан бус орчуулга.

Image

Нэг жилийн өмнө Монгол улсын нэг хүнд ногдох ҮНО бага-дунд, дунджаас дээш орлоготой орнуудын босгыг давж, дунджаас дээш орлоготой орон гэх тодотголтой болсон. 1990-ээд оны удаан үргэлжилсэн хямралаас хойш бид хэр хол явсныг илтгэж байна хэмээн Монголчуудын зарим нь баярлаж байсан. Бас нэг хэсэг нь хөнгөлөлттэй санхүүжилт авах боломжид ямар нөлөөлөл үзүүлэх бол хэмээн бодлогоширч байсан. Харин бусад нь яг ийм орлоготой байж чадах уу хэмээн эргэлзэж байсан. Монголын гаргасан ахиц, дэвшил гарцаагүй үнэн боловч нийт хүн амын 22% нь ойролцоогоор 2.70 долларын орлоготой буюу үндэсний ядуурлын шугамаас доогуур орлоготой амьдарч байгааг бид бүгд мэднэ. Ийм статистик байхад “дунджаас дээш орлоготой улс” байна гэдэг юу гэсэн үг вэ?
 
Өнгөрсөн долоо хоногт Монгол улс бага-дунд орлоготой ороны ангилалд буцаад шилжлээ. Яаж яваад ийм юм болов?  Энэ чухам юу гэсэн үг вэ?

Тоо
 
Монгол улс яахаараа нэг жил дунджаас дээш орлоготой орны ангилалруу дэвшиж, дараа жил нь бага дунд орлоготой орны ангилалд буцаад орчив? Товчхондоо, тоо юу өгүүлж байна вэ? Эдгээр ангиллууд нь хэн нэгний үзэмж биш бүхэлдээ орлогын түвшинтэй холбоотой албан ёсны статистикт суурилсан байдаг.
Ийм хэдий ч ангиллыг өөрчилсөн нь асуултууд дагуулахгүй байхын аргагүй. 2011 онд Монгол улс дэлхийн хамгийн өндөр өсөлттэй орон байсан ба түүнээс хойш эдийн засаг суларсан хэдий ч 2015 онд эерэг өсөлт гаргасан. Монгол улс яагаад бага-дунд орлоготой орны ангилалд орсныг ойлгохын тулд илүү нарийн зүйлсийг харах хэрэгтэй. 
 
Дэлхийн банкны ангиллын систем нь 1989 оны судалгаанаас анх гарсан ба үүнд аргачлал болон босго бүхий түвшнүүдийг тогтоосон. Жигд нэг хэмжүүрээр харьцуулахын тулд нэг хүнд ногдох ҮНО-ыг сонгосон. Мөн улс орнуудыг хооронд нь харьцуулах боломжтой болгох үүднээс валютын дундаж ханшид суурилсан хөрвүүлэх аргачлалыг сонгосон. Уг босгуудыг ОУВС-ын зээлжих тусгай эрх (SDR)-д багтсан мөнгөн тэмдэгттэй томоохон улсуудын инфляцтай уялдуулан жил бүр шинэчилдэг. Дэлхийн өсөлт инфляцаас ерөнхийдөө илүү өндөр байдаг тул яваандаа олон орон эдгээр босгуудыг давах юм. Ядаж ингэж найдах нь зөв байх. (орлогын ангиллын системийн талаар дэлгэрэнгүйг эндээс уншина уу here.)
 
Улс орнуудын тоог хооронд нь харьцуулахын тулд нийтлэг нэг мөнгөн тэмдэгт шаардлагатай байдаг ба ихэнхдээ энэ зорилгоор ам.долларыг ашигладаг. Валютын ханшийн хэлбэлзэл өндөр үед жилийн дундаж ханшийг ашиглан нэг хүнд ногдох ҮНО-ыг ам.доллараар илэрхийлэх нь огцом өөрчлөлт бий болгох тул урт хугацааны дундаж ханшийг ашигладаг. Дэлхийн банкны атлас аргачлал нь гурван жилийн хөдөлгөөний дундаж ханшийг ашигладаг ба ингэхдээ тухайн сонирхож буй улсынхаа, өөрөөр хэлбэл бидний яриад байгаа Монгол улсын, мөн түүнчлэн зээлжих тусгай эрхэд багтсан мөнгөн тэмдэгтэй улсуудын инфляцын түвшинг тооцдог. 
 
Сүүлийн дөрвөн жил валютын ханш хэрхэн өөрчлөгдөж ирснийг харна уу. 2012 оноос хойш нэг хүнд ногдох ҮНО бараг 30% өссөн бол төгрөг 45%-иар суларсан байна. 2013 болон 2014 онд хамгийн их суларчээ. Гэсэн хэдий ч 2014 оны Атласын хөрвүүлэх факторт төгрөг арай чанга байх үе буюу 2012 оны ханшийг ашигласан болно.
 
Төгрөгөөр илэрхийлсэн нэг хүнд ногдох ҮНО (A), Атласын хөрвүүлэх фактор (B), доллараар илэрхийлсэн нэг хүнд ногдох ҮНО (A/B) тус бүрийг доорх хүснэгтэд харуулав. Уг хүснэгтэд жилийн дундаж ханш болон гурван жилийн хөдөлгөөний дунджыг харуулсан болно. (Өөрөөр хэлбэл ногоон нүд нь шар нүднүүдийн дундаж юм) . Ханшийн хөдөлгөөний дундаж нь Атласын хөрвүүлэх фактортой яг адил биш. Учир нь уг факторт инфляцыг харьцуулж тооцдог. 

Image
 
Монголын эдийн засаг 2015 онд бага зэрэг өссөн боловч доллараар илэрхийлсэн нэг хүнд ногдох ҮНО буурсан болохыг харуулж өгч байна.*  Нэг хүнд ногдох ҮНО 1.3% өссөн боловч 3 жилийн ханшийн хөдөлгөөний дунджид ихээхэн суурилсан Атласын хөрвүүлэх фактор 13%-иар өссөн байна. Ханшийн дунджийг тооцоолохдоо 1,358-ийг 1970 орлуулсан. Үүний үр дүнд Монголын нэг хүнд ногдох ҮНО-ыг долларт шилжүүлбэл дунджаас дээш орлоготой ангилалд тавигддаг босго болох $3,850-т хүрэхгүй байна. (Аливаа улс орлогын ангилалд дэвшээд дараа нь доод ангилалдаа буцаж орох нь тэр бүр тохиолдоод байдаггүй боловч зарим оронд тохиолдож байсан. Энэ онд түүхийн эдийн экспортод суурилсан эдийн засагтай долоон улс орон доод ангилалруу буусан бол, гурван улс орон дээш ангилалруу оржээ.)
 
Нөлөөлөл
 
Дэлхийн банк аливаа улсад буцалтгүй тусламж хуваарилах шийдвэр гаргахдаа энэхүү ангиллыг тодорхойлоход ашигладаг статистик үзүүлэлт болох ҮНО-ыг ашигладаг боловч энэхүү хуваарилалтад ангиллыг шууд ашигладаггүй. Гэхдээ хэдий огцом, хүчтэй биш боловч ангиллын босгууд нөлөөлөл үзүүлдэг. (Зээлжих чадвар, бодлого болон институцийн орчин гэх мэт бусад хүчин зүйл мөн нөлөөлнө). Харин зарим байгууллагууд болон хөтөлбөрүүд буцалтгүй тусламж олгохдоо эдгээр ангиллыг шууд ашиглаж болох юм. Одоогийн энэ арга нь ядуурлыг бодитоор хэмжиж чадахгүй, буцалтгүй тусламж үзүүлдэг орнууд ангиллуудыг ашиглан дундаж орлоготой орнуудад бага хуваарилалт хийдэг хэмээн зарим нэг нь шүүмжилдэг нь үнэн.  Дэлхийн банкны судлаачид ангиллын системийг судалж, давуу болон сул талуудыг нь ангилал ашиглагчийн өнцгөөс хянаж үзсэн болно. (Эндээс харна уу here.)
 
Одоогийн байдлаар Дэлхийн банк ангиллыг хэрэгтэй гэж үзэн, цаашид жил бүр гаргасан хэвээр байх юм. Хэдийгээр Монгол улс гурван жилийн хугацаанд бага-дундаас дунджаас дээгүүр, дараа нь буцаад бага-дунд орлоготой орон болсон боловч энэхүү хөдөлгөөнөөс үүдэн ОУХА-аас авах хөнгөлөлттэй тусламжийн хэмжээ өөрчлөгдөөгүй юм. Монгол улсын орлогын статистик босгыг давсан эсэхээс үл хамааран Дэлхийн банк нь эдийн засгаа хөгжин цэцэглүүлж, ядуурлыг бууруулж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх Монгол улсын зорилтуудыг хангахад ойрын жилүүдэд түншлэн ажилласан хэвээр байх юм.   


--
*Ихэнх улс орнууд болон Монгол улсад ДНБ гэх өсөлтийн үзүүлэлтийг илүү мэддэг ба энэ нь ҮНО гэх өсөлтийн үзүүлэлтээс ялгаатай гэсэн хэдий ч энэ хоёр хоорондоо их уялдаатай. Энэхүү тэмдэглэлд тэдгээрийн ялгааг онцлоогүй болно.
 
 


Authors

Jim Anderson

Lead Governance Specialist, World Bank

Join the Conversation

The content of this field is kept private and will not be shown publicly
Remaining characters: 1000