Get the flash player here: http://www.adobe.com/flashplayer |
Hover over "Notes" for photo information. View photos large. |
(Originally published in English.)
Өнөөдрийн байдлаар Монгол Улс ихээхэн хэмжээний цас, хүйтэн хавсарсан цагаан “зуд” хэмээх байгалийн гамшигт нэрвэгдээд байна. Энэ нь зундаа ган гачигтай байснаас бэлчээрийн хомсдолд орж, өвс тэжээл хангалттай базаах боломж олгоогүй улмаар өвөлдөө цас их орж, салхилан цаг агаар хэвийн хэмжээнээс доогуур болж хүйтний эрч эрс чангарсантай холбоотой. Бэлчээрийг үлэмж их цас дарж, мал сүрэг бэлчих аргагүй болж, өвс тэжээлээр гачигдан зутрах зэрэг өвлийн улирлын нөхцөл байдалд зуд болдог.
Нэгдүгээр сарын эхнээс эхлэн Монголын 21 аймгийн 19 аймагт нь цас болон цасан шуурга тасралтгүй орж цаг агаарын хэм өдөртөө огцом буурч Цельсийн хасах 40 хэм хүрч байна. Байгалийн энэ гамшгийн улмаас Монголын 44 сая орчим малын ойролцоогоор гурван хувь нь хорогдоод байгаа бөгөөд олон мал тарга хүчгүй, зутруу байгаагаас малын хорогдол, гарз хохирлын хэмжээ өсөх хандлагатай байна. Монголын ажиллах хүчний 35 орчим хувь нь мал аж ахуйд түшиглэн ахуй амжиргаагаа залгуулдаг бол хөдөөгийн нийт айл өрхийн 63 хувийнх нь үндсэн хөрөнгө тэдний мал байдаг байна. Хоол хүнсний аюулгүй байдал муудаж ядуурлын түвшин өсөх хандлагатай байгаагийн зэрэгцээ эдгээр хүчин зүйлийн нөлөөгөөр хөдөөгөөс хот уруу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгдэж болзошгүй юм. Үүний зэрэгцээ өнгөрсөн оны ган гачиг, бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг шалтгааны улмаас ихэнх бэлчээрийн нөхцөл байдал доройтсон туйлын муу байдалтай байна. Энэ өвлийн хувьд цас, цасан шуурга ердийнхөөсөө эрт 2009 оны 10 сараас эхэлжээ.
Зарим малчид нийт мал сүргийнхээ 50-70 орчим хувийг алдаад байна. Улсын Онцгой Байдлын Хороо нөхцөл байдлыг нягтлан судлаж үзээд гарз хохирол нь орон нутгийн шинж чанартай учраас байдлыг үндэсний гамшиг гэж хараахан зарлаагүй байна. Зарим газар цас их зузаан бүрхэж бүх төрлийн тээврийн хэрэгсэл явах боломжгүй байхад зарим газрууд харьцангуй бага цастай учраас тэдэнд хүрч очих боломжтой байна. Хэрвээ хүйтний эрч улам чангарч, цас болон цасан шуурга үргэлжлүүлэн орсоор байвал үүсээд буй нөхцөл байдал үндэсний гамшиг болох магадлал өндөр байна.
Нэгдүгээр сарын 23-25-нд манай ажилтан Эрдэнэ-Очир, Натали Янг, Клайр Прайс болон миний бие оролцсон баг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Сайд Ноён. Бадамжунайтай хамт зуданд нэрвэгдсэн газруудад очиж нөхцөл байдалтай танилцлаа. Зуданд айхтар нэрвэгдсэн төвийн аймгууд болох Архангай, Өвөрхангай хоёр аймагт очсон бөгөөд тус аймгуудад мал сүргийн хорогдол улсын хэмжээний нийт хорогдлын 24, 14 хувийг тус тус эзэлж байгаа байна.
Аялал маань амаргүй байсан бөгөөд бидний унаа хэд хэдэн удаа цасанд сууж байлаа. Замынхаа талд нь ороод унаа маань их цасны улмаас цаашид явах боломжгүй болсон учраас бид өөрсдийнхөө унааг орхиж Сайдын багт нэгдлээ. Хүйтний эрч чанга байгаа үед гадаа 10 минут зогсоход л бие хөрөн даарч, гар хөлийнхөө хурууг мэдрэхэд хэцүү болж байсан нь малчид болон тэдний гэр бүлийнхэн өдөр бүр малаа маллан гадаа яаж ажилладагийг гайхширахад хүргэж байв.
Очсон хоёр аймагтаа бид орон нутгийн засаг захиргааны ажилтнууд болон малчдын гэр бүлийнхэнтэй уулзаж, тэдэнтэй цуг байлаа. Малчид гамшгийн нөхцөл байдлаас гарахын тулд янз бүрийн арга замыг ашиглаж байв. Зарим хот айл хэн нэгнийхээ “гэрийг” (Төв Евро-Азийн нүүдэлчид ашиглаж ирсэн уламжлалт эсгий сууц, мөн “юрта” гэж нэрлэдэг) малын хорогдох байр болгон ашиглаж үлдсэн нэгнийхээ гэрт нэг дор хоноглох шийдвэр ч гаргажээ. Зарим нь малын хашаа хороог дулаан байлгахын тулд малынхаа бууцыг шатааж үзсэн нь үр дүн муутай байсан байна. Зарим малчид шокын байдалтай байв. Нэг эмэгтэй хэрвээ саалийн ганц үнээгээ зуданд алдвал яахаа мэдэхгүй байгаагаа хэлэхэдээ бараг л ухаан алдах дөхсөн юм.
Цаг агаарын байдал хүндэрснээс долоон хүний амь нас эрсдсэн гэж мэдээлжээ. Хоёр малчин малаа хайж яваад осгож үхсэн байна.Зуданд хамгийн ихээр нэрвэгдсэн газруудад малын сэг эргэн тойрон хаа сайгүй хөглөрч байна. Малын хашаа хороонд байгаа хоньд шөнөдөө наалдаад хонож байна, магадгүй өлсөж цангахын зовлонгоос ангижрахыг тэд яарч байж болох мөн зарим адуу ч энэ зуднаар хорогдож байна. Нэгэн айл уналганы ганц морь нь үхчихвий гэж санаа зовж байгаагаа хэлж байлаа. Хөдөө орон нутгийн ихэнх айлын тээвэрлэлтийн гол хэрэгсэл нь болдог адуугүйгээр тэд гол хэрэглээ, хэрэгцээндээ хэрхэн хүрч чадах билээ дээ.
Одоогийн байдлаар төрөөс үндэсний хэмжээнд гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан авах арга хэмжээ шуурхай байна. Гэвч сумын төвөөс хэт алслагдсан зэрэг шалтгааны улмаас сум, багийн түвшинд алслагдсан орон нутгийн ард иргэдэд хүрч туслах явдал хэцүү байна. Малчдад хоол хүнс, эм тариа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, малын хүнс тэжээл, өвс хүргэх явдал нэн тэргүүний асуудал болоод байна. Түлш, малын тэжээл, өвс, тээврийн хэрэгсэл асар их дутагдаж байгаа нь нөхцөл байдлыг улам дордуулж болзошгүй байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх явдал бэрхшээлтэй хэвээр байна.
Үхсэн малын сэгийг аюулгүй булж зайлуулах, болзошгүй өвчин газар авахаас урьдчилан сэргийлэх явдал чухал байх болно. Гамшгийн энэхүү нөхцөл байдал нь дунд хугацаанд бэлчээр, мал аж ахуйн менежментийн тогтвортой тогтолцоо шаардлагатай байгааг харуулж байгаа бөгөөд Дэлхийн Банк болон бусад олон улсын хамтрагч байгууллагааас үзүүлж буй холбогдох тусламжийн төслүүдийн одоогийн гол зорилго энэ болоод байна.
Цас зудын гамшгийн хүндхэн нөхцлийг даван туулахад Монголын Засгийн Газарт туслах эх үүсвэрийг судлан тогтоох, зохицуулахаар бид ажиллаж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллага зэрэг олон улсын хамтрагч байгууллагатай бид уулзаж ярилцлаа. Одоогийн хүрээнд Дэлхийн банкны зүгээс дараах яаралтай арга хэмжээг авч ажиллаж байна:
- Дэлхийн Банкны дэлхийн гамшигт нэрвэгдсэн улсуудад туслах сангаас тусламж авах боломжийг судлах;
- Дэлхийн банкнаас санхүүжиж байгаа Тогтвортой Амжиргаа Хөтөлбөрийн хүрээнд бэлчээрийн эрсдлийн удирдлага, олон нийтийн санаачилгын сан зэрэг төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хүрээнд дэмжих талаар ажиллаж байна;
- Малын Индексжүүлсэн Даатгалын төсөлд нийт 5600 малчид хамрагдсан бөгөөд тус төслөөр дамжуулан зуданд нэрвэгдсэн даатгалтай малчдад тусламж үзүүлэх.
Ирэх долоо хоногуудад болон дараах саруудад манай хамт олон Монгол улсын Засгийн газар болон түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж богино хугацаанд авах шаардлагатай үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ бэлчээрийн удирдлага, өвлийн бэлтгэлийг сайжруулах, зудын эрсдлийг бууруулах буюу шилжүүлэх, гамшгийн дараах арга хэмжээний тогтолцоог бэхжүүлэх замаар малчдын эмзэг байдлыг бууруулах дунд хугацааны арга хэмжээг үргэлжлүүлэн авах талаар анхаарч ажиллана.
Өнөөдөр газраа гэмтээхгүйн тулд үндэсний ээтэн гутлаа өмсөж ирсэн Монголын малчид маань уламжлал ёсоор шүтэж ирсэн байгаль дэлхийнхээ хатуу шалгууртай нүүр тулгараад байна. Энэ гамшгийн хир ихийг нь Дэлхий Ээж өөрөө бий болгов, хир ихийг нь хүн төрөлхтөний буруутай үйл ажиллагааны улмаас бий болоо бол? Монголын настайчууд энэ бол байгалийн зуд биш бидний байгальтайгаа хайхрамжгүй, үл ойшоон харьцсаны зуд гэлцэж байна.
Ирээдүйгээ харах үүднээс санаанд минь орж байгаагаа дараах асуултуудыг Та бүхэнтэй хуваалцая. Үүнд
- Монголын энэхүү эмзэг эко-систем нь байнга өсөн нэмэгдэж байгаа мал аж ахуйд хүндрэл учруулсаар байх уу? Нөгөө талаар малын тоо өсөж байгаа нь бэлчээрийн талхалт болон урт хугацаандах тогтвортой байдалд аюул учруулж байгаа.
- Уламжлалт мал аж ахуй болон орчин үед малчидад шаардагдлагатай байгаа үйлчилгээнүүд болох сайн чанарын боловсрол, эрүүл мэнд болон зах зээлд холбоотой байх зэргийн хоорондын харилцан тэнцвэр ямар байх ёстой вэ?
Join the Conversation