Монголын уул уурхайн салбарын орлого ойрын хэдэн жилд эрс өсөх хандлагатай байхад хүмүүс яагаад ирээдүйдээ бид юм үлдээх хэрэгтэй гээд яриад байна вэ. Дэд бүтцийг барьж байгуулан, Монгол хүүхдүүдийг сурган, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, ажлын байр бий болгож байгаа нь хамгийн гол чухал зүйлс биш гэж үү? Эдгээр хөгжлийн зорилтуудад хүрснээр Монгол улс нь хойч үедээ энэ бүхнийг өгч байгаа бус уу? гэсэн гайхалтай асуултууд байна. Монгол улс эдгээрийг хийх ёстой, гэхдээ тэд нөгөө талдаа огцом өсөлт, хөрөнгө оруулалтын үйл явц нь сүйрэлд хүргэх вий гэдгээс хамгаалах, хойч үедээ санхүүгийн хөрөнгө үлдээх гэсэн чармайлтаасаа хамааралтай байх юм. Орлого сайтай байгаа үедээ тодорхой хэмжээгээр хуримтлуулан хадгалах нь байгалийн нөөц баялагийн үр дүнтэй удирдлагын нэг хэсэг юм.
“Хэрэв байгалийн нөөц баялгийн ид оргилолтыг сайн удирдаж чадвал тэд бидэнд буян хишгээ хайрладаг” тул “Засгийн газрууд цаг зуурын ихээхэн хэмжээний орлого, ашгийг бүгдийг нь зарцуулахаас зайлсхийж байх ёстой гэдэг маш чухал нийтлэг сургамжийг бид авах ёстой юм” гэж Чилийн “Эдийн засаг, нийгмийн тогтворжуулалтын сан”-гийн тэргүүн асан Эрик Параддо хэлсэн байдаг. Эрик гуай дөнгөж саяхан Улаанбаатар хотод ирээд Монголын засгийн газарт i) эдийн засгаа жигд, тогтортой байлгах (хүнд үед ашиглах сан), ii) Монголын хойч үедээ дамжуулан үлдээх боломжийг олгох зорилго бүхий байгалийн баялгийн нөөцөөс орсон орлогын хуримтлалыг хэрхэн сайжруулах механизмыг тодорхойлоход нь туслах олон улсын зөвлөхүүдтэй хамтран ажилласан.
Монгол улс яагаад заавал хуримтлуулах ёстой гэж? Нөхөн сэргээгдэхгүй нөөц баялагт (Монголын газар нутаг ийм нөөц маш ихтэй) найдах нь бодлого тодорхойлогчдыг томоохон сорилттой тулгарахад хүргэдэг. Эдгээр сорилт нь дөрвөн үетэй байна:
Юуны түрүүнд байгалийн баялгаас орж ирэх орлого нь маш их хэлбэлзэж, тодорхойгүй байдаг. Дэлхийн зах зээлийн үнэ ямар ч анхааруулга өгөхгүйгээр гэнэт ихээр өөрчлөгдөж болох бөгөөд үүнийг үндсэндээ таамаглах боломжгүй байдаг. Хоёрдугаарт, нөөц дуусна. Тиймээс зарим хэсгийг нь хойч үедээ шилжүүлэх замаар түүнээс хүртэх үр шимийг урт хугацаанд үргэлжүүлэх ёстой. Гуравдугаарт, Монгол улс нь зэс, нүүрс, газрын тос болон бусад ашигт малтмалын ихэнхийг гадаадад борлуулж байна. Энэ нь уул уурхайн бус салбарын өрсөлдөх байдлын хувьд дотоодын эдийн засагт, мөн макро эдийн засгийн тогтвортой байдалд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Дөрөвдүгээрт, ашигт малтмалын олборлолт нь цаанаа авилгал, хээл хахууль, үр ашиггүй байдлын эх сурвалж байж болох талтай байдаг. Тиймээс Монгол улс нь татвар төлөгчдийн болон уул уурхайн орлогыг зарцуулахдаа үр ашигтай, өөрөөр хэлбэл мөнгөний үнэ цэнэд хүрэхүйц хөрөнгө оруулалт хийж байх хэрэгтэй.
“Мөнгөнийхөө зарим хэсгийг хуримтлуул/хадгал” гэдэг шийдэл рүүгээ эргэж харъяа: Орлого сайтай жилүүддээ Засгийн газар төсвийн ашигтай (орсон орлогоосоо багыг зарцуулах) байдаг. Энэ нь хуримтлал үүсгэх боломжийг олгоно. Үнэндээ иймэрхүү төсвийн сахилга баттай байдал нь байгалийн нөөцийн үр дүнтэй удирдлагын үндсэн багана нь байдаг. Хуримтлуулсан мөнгийг хүнд цаг үед боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц гэх мэт чухал чиглэлийн зардлыг хумихгүй байхад ашиглах юм. Ингэснээр засгийн газар мөнгө зээлэх, улмаар хүүгийн зардал төлөх шаардлагыг багасгаж өгнө. Хэрэв уг хуримтлалын дүн хангалттай их болбол тэрхүү хөрөнгөнд хүрэхгүйгээр зөвхөн түүнээс олж байгаа ашгийг зарцуулж болох юм.
Монголчуудын нийтийн хүсэл эрмэлзлийн ар талд улс төрчдийн хамгаалалт байхгүй бол энэхүү хуримтлал бий болж чадахгүй. Монгол улс тогтворжуулалтын сан байгуулж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиараа төсвийн алдагдлыг хязгаарлаж өгсөн. Гэхдээ хуримтлалаа хийх, нөгөө талдаа түүний бүтэц зохион байгуулалт (дизайн)- ыг сайжруулах шаардлагатай. Гэхдээ 2012, 2013 онуудад гарч байгаа шиг төсвийн гадуур зарцуулалт хийгээд байвал Тогтвортой байдлын тухай хууль, журам гаргахын давуу тал байхгүй бөгөөд дээр дурьдсан сорилтуудыг давж зорилгодоо хүрэх боломжгүй болно.
Монгол нь өсөлт, уналт гэж юу байдгийг мэдэрсэн улс. Доорх графикаас сүүлийн жилүүдийн эдийн засгийн мөчлөгийн өсөлт, бууралтыг харж болно. Энэхүү графикийг төсөөлөнгөө Эрикийн мэдээлсэн Чилийн туршлагын мөн чанарыг бодох хэрэгтэй юм.
Зэсийн үнэ эрс өсч байх үед Чили улс нь орлогын зарим хэсгийг хадгалан хуримтлуулж, дэлхийн санхүүгийн хямралын улмаас зэсийн үнэ унаж хамгийн доод түвшиндээ хүрч байсан 2008 онд Чили улс тэрхүү сайн цагт хадгалсан мөнгөнөөсөө зарцуулж байсан. Уул уурхайн салбарын орлого ихээхэн хэмжээгээр савалж байхад боловсрол, эрүүл мэнд, замд зарцуулдаг хөрөнгө илүү тогтвортой байж ирсэн.
Төсвийн сахилга батыг сахиулснаар хүнд цаг үед ашиглах, мөн хойч үедээ үлдээхээр зорьж байгуулсан Баялгийн сандаа хуримтлал хийж байх нь баялгийн хараалаас зайлсхийх, Монголын геологийн баялгийг хамгийн өндөр өгөөжтэй байлгахад зайлшгүй шаардлагатай. Хуримтлал хийж байгалийн баялгаа амжилттай удирддаг Чили улсын туршлагыг Норвеги, Тимор – Лэстэ, Ботсвана, Тринидад Тобаго зэрэг улс орнууд нэвтрүүлээд явж байна. Ямар ч түүхэн тохиолдол төгс төгөлдөр байдаггүй тул тухайн тохиолдол бүрд бодлого боловсруулагчид хуримтлал хийх механизм, хэрэгслээ сайжруулах, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, оновчтой хоршлыг олох хүчин чармайлт, оролдлогыг байн байн гаргаж, үе шаттайгаар улам бүр сайжруулахыг хичээдэг. Нэгэнт хамгийн сайн туршлага гэж байхгүй болохоор Монгол улс эдгээр жишээнүүдийн зарчмуудаас авч өөрийн бодлогыг тодорхойлж болох юм.
Хуримтлалын ач тусыг мэдрүүлэх нь ихээхэн хүнд ажил байдаг. Богино хугацаанд маш их мөнгийг зарлагадах нь сонгуульд ялалт авч ирдэг ч хэрэгцээнээс илүүг өгч, хүмүүсийн амьжиргаанд удаан насгүй гэнэтийн сайжруулалтыг бий болгодог. Хэрэв Монгол улс нь уул уурхайн орлогоосоо ихээхэн орлого олох, ирэх арваад жилд тийм байхаар төсөөлж байгаа бол уул уурхайн орлогоос хамааралтай байх байдлаас учрах хүндрэл, сорилтуудыг анхааралдаа авахгүй орхиж болохгүй. Ирэх жилүүд болон далайцаар нь харахад Монгол улс нь зам, сургууль, эмнэлэгүүдийг сайжруулж, Монголчуудаа ажлын байраар хангах ихээхэн боломж байна. Гэхдээ богино хугацааны тогтворгүй ашгийг илүүд үзэх үү эсхүл дунд болон урт хугацаандаа тогтвортой үр шимийг хүртсээр байх уу гэдэг хоёр сонголт байна. Монголчуудад аль нь хамгийн сайн гэж үзсэн аль хувилбараа сонгож алийг нь орхих вэ гэдэг тэдний л өөрсдийнх нь шийдвэр байх болно.
Join the Conversation