Нягтралыг аажмаар нэмэгдүүлэх нь: Монгол Улсын хот суурин газрын амьдралыг орчин үеийн болгох соёлыг хүндэтгэсэн, мэдрэмжтэй арга зам

This page in:
Нягтралыг аажмаар нэмэгдүүлэх нь: Монгол Улсын хот суурин газрын амьдралыг орчин үеийн болгох соёлыг хүндэтгэсэн, мэдрэмжтэй арга зам Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын гэр хороолол болон барилгажсан хэсэг

Өвлийн улиралд өдөр бүр агаарын маш их бохирдолтой тэнгэрийн дор сэрж, нарны гэрэл зүгээр л бүүдийх дурсамж болж байна гээд төсөөлөөд үзье. Энэ бол Монгол Улсын хоёрдогч хот болох Дархан хотод уламжлалт гэрт амьдардаг Алтангэрэл, Болормаа гэх өндөр настан хосын өдөр тутмын бодит байдал юм. "Гэр" гэж нэрлэгдэх энэхүү сууцанд өвлийн тэгээс доош хэмд хүйтэн байдаг. Харин Алтангэрэл, Болормаа нар шиг гэр хорооллын оршин суугчид дулаан өвөлжихийн тулд түлж буй нүүрсний зуухнаас гарж буй бохирдол нь амь насанд нь аюул учруулж байна. Үнэндээ, Дархан хотын агаар маш их хортой болж оршин суугчдын амьсгалын замын тогтолцоонд нь өдөрт 5-6 хайрцаг тамхи татсантай дүйцэхүйц хортойгоор нөлөөлж байна. Нүүрсний тортогтой бодит байдал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг дэлхийн хамгийн бохирдолтой хотуудын нэг хэмээн нэрлэгдэхэд хүргэдэг.

Гэр хороололд амьдардаг Алтангэрэл, Болормаа нарын бэрхшээл нь зөвхөн агаарын бохирдол биш юм. Тэдний ойролцоогоор 10 мянган ам.долларын үнэтэй энгийн тоосгон байшин нь суурь дэд бүтэц, ус, дулаан хангамжийн дутагдалтай байгаа нь хүмүүсийн амьдралын чанар, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Эдгээр нэн шаардлагатай инженерийн шугам сүлжээгээр хангагдах цорын ганц шийдэл бол орчин үеийн өндөр давхрын орон сууцанд нүүх явдал боловч эхлэх үнэ нь 40 мянган орчим ам.доллар байгаа тул гэр хорооллын ихэнх оршин суугчид орон сууц худалдан авах боломжгүй хэвээр байна.

Image Монгол улсын хот, суурин газрын хүн амын талаас илүү буюу 60 хувь нь гэр хороололд амьдарч, стандартын шаардлага хангахгүй нөхцөлд амьдарч байгаа бол үлдсэн хэсэг нь барилгажсан хэсэгт олон давхар орон сууцанд амьдарч байна.

 

Нөхцөл байдал өөр болж, гэр хорооллын ахуй орчин сайжирч чадах уу гэвэл бид “тийм” гэж итгэлтэй хэлнэ. Бидний “Гэр хорооллыг дахин төсөөлөх нь: Ногоон, гамшигт тэсвэртэй, орлогод нийцсэн орон сууцны загвар” тайланд орон сууцны нөхцөлийг сайжруулж, урт хугацааны тогтвортой байдал, тэсвэрлэх чадвартай гэр хороололд амьдрах гарцыг тодорхойлсон. Хамгийн чухал нь үүнийг хийхдээ Монгол ахуй соёл, өдөр тутмын амьдралын хэв маягийн салшгүй хэсэг болсон газар нутагтай хүмүүсийн холбоог хадгалж үлдэх явдал юм.

Ийм алсын харааны биелэлт санаснаас илүү ойр байж болох юм. Төрөөс хөрөнгө оруулалт хийсэн гэр хорооллын олонх хэдийнээ дэд бүтцийн хангамжийн үр шимийг хүртээд байна. Энэ нь хэрэв байшингаа зохих ёсоор сайжруулж чадвал тэдгээрийг зайлшгүй шаардлагатай инженерийн шугам сүлжээнд холбох боломжтой гэсэн үг юм. Үүнийг хийхийн тулд байшингийн өмчлөгчөөс урьдчилан хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ үүнд олон хүний оролцоо ​​​​шаардлагатай.

Бидний боловсруулсан тайланд байшингаа шинэчлэн засварлахаас гадна "нягтралыг аажмаар нэмэгдүүлэх" талаар зөвлөж байгаа бөгөөд энэ нь гэр хорооллын сул газар энгийн байшин, хоёр давхар дуплекс хаус, нам давхрын барилга зэрэг орлогод нийцсэн, тэсвэрлэх чадвартай орон сууцыг хөгжүүлэхэд чиглэсэн Монголчуудын ахуй соёлыг хүндэтгэсэн, мэдрэмжтэй арга зам юм. Энэхүү стратеги нь ногоон, тэсвэрлэх чадвартай барилга угсралтын аргуудыг чухалчилж, бүтээн байгуулалтыг тогтвортой, иргэдийн бүлэгт ээлтэй байлгахад чиглэнэ.

Жишээ нь, Алтангэрэл, Болормаа нарын хүү эхнэрийн хамт гэр бүлийнхээ газар дээр ердөө 8 мянган ам.доллароор нэг айлын ногоон, тэсвэрлэх чадвартай байшин барих боломжтой буюу зардал нь ердийн олон давхар орон сууц худалдаж авахаас ч бага байх юм. Уг үл хөдлөх хөрөнгө баригдаж дуусаад улсын бүртгэлд бүртгүүлсний дараагаар зээлийн барьцаа болж, гэр хорооллын ихэнх оршин суугчдын одоогоор нэвтэрч чадахгүй байгаа эдийн засгийн шинэ боломжуудыг нээх боломжтой.

Image Нягтралыг аажмаар нэмэгдүүлэх: Дэд бүтцэд холбогдсон орон сууцны давуу талуудын хамт гэр хороололд амьдрах энгийн бөгөөд боломжийн байдлыг хангах.

 

АНУ болон Өмнөд Африк зэрэг улсуудад нягтралыг аажмаар нэмэгдүүлэх арга амжилттай хэрэгжсэн байдаг. Газрыг шинэчлэн зохион байгуулах, авто замын сүлжээг шинэчлэх зэрэг хот төлөвлөлтийн стратегийг хэрэгжүүлснээр гэр хороолол сэргэх боломжтой. Илүү олон ногоон байшин, илүү сайн дэд бүтэц, нийтийн орон зай зэрэг сайжруулалтууд хийснээр бүхэл бүтэн хорооллыг өөрчлөхийн зэрэгцээ үер усны зэрэг гамшгийн эрсдэлийг бууруулж чадна. Хэдийгээр гэр хорооллын дээгүүр агаар бохирдсон бүрхэг тэнгэр харагдаж байгаа үед ийм ирээдүйг төсөөлөхөд хэцүү байж болох ч энэхүү шинэ тайланд алсын харааг хэрэгжүүлэх боломжтой талаарх шийдлүүд бий. Орлогод нийцсэн, ногоон орон сууц, илүү аюулгүй, илүү тэсвэрлэх чадвартай хорооллыг бий болгох боломжтой төдийгүй амжилттай хэрэгжүүлэх бололцоотой юм.


Dao Harrison

Senior Housing Specialist

Olivia Nielsen

Principal at Miyamoto International

Pallavi Sengupta

Urban Development Specialist

Join the Conversation

The content of this field is kept private and will not be shown publicly
Remaining characters: 1000