2006: Сургууль болгоныг номын сантай, Монголын хөдөөгийн хот, суурин болгоныг гар утас, интернэттэй болгоё

This page in:

Албан бус орчуулга.

ImageМонгол улс, Дэлхийн Банкны хамтын түншлэлийн 25 жилийн 16 дахь он болох 2006 оны тухай өнөөдөр авч үзье. Эдийн засаг өссөөр, жилийн өсөлтийн хурд 8.6 хувьд хүрч, ДНБ-д эзлэх аж үйлдвэрлэлийн хэмжээ 43 хувьд хүрлээ.

2006 он бол Дэлхийн Банкны хувьд гялалзсан он байсан бөгөөд энэ жил хэд хэдэн төсөл хэрэгжиж эхэлсэний нэг нь хөдөөгийн боловсролд чиглэгдсэн байсан юм.

Төсвийн зарцуулалтад хийсэн институтын болон засаглалын үнэлгээгээр хотод нэг багшид ногдох сурагчийн тоо хавьгүй өндөр байгаа нь харагдсан. Төсвийн зарцуулалтын судалгаагаар (PETS) өөр зүйлүүд ч бас ажиглагдсан. Тухайлбал, хөдөө орон нутгийн сурагчид хотын сурагчдыг бодвол шалгалтад хамаагүй бага оноо авч байгаа нь харагдсан. Энэ нь хаана сурах орчин таагүй байна, тэнд сурагчдын үзүүлэх амжилт муу байгаа уялдааг харуулсан хэрэг. Хөдөөгийн хүүхдүүдийн сургууль завсардалт өндөр байж, эрт сургуулиа орхиж байлаа. Хөдөөгийн хүүхдүүдэд сурах боломжийг илүүтэй олгох шаардлага байгаа нь дараа дараагийн жилүүдийн сэдэв байх нь тодорхой байлаа.

Хөдөөгийн боловсролын хөгжлийг дэмжих төсөл нь (READ) хөдөөгийн бага сургуулийн буюу 1-5 дугаар ангийн сурагчдын боловсролын чанарыг дээшлүүлэх, ингэхдээ багш болон сурагчдын хэрэглэх сурах бичиг, гарын авлага, тараах материалын тоог нэмэгдүүлэх, тараах материалыг сургуулийн сүлжээ ашиглан хэрэглэх зорилго тавьсан. Мөн төслийн хүрээнд сургуулийн номын санг бий болгож, ном уншингаа мэргэжлийн хувьд өсөн хөгжих боломжийг багш, сурагчдад олгох, сүлжээ бий болгох, цаашлаад олон нийтийг номонд дуртай болгох аяныг өрнүүлсэн. Мөн үндэсний хэмжээний болон олон улсын үнэлгээг нэвтрүүлж, сурагчдын сурах явцыг чадавхжуулахыг хичээсэн. Төсөл хэрэгжих явцдаа өргөжин тэлж байсан бөгөөд төсөл дуусах үед улсын хэмжээнд хөдөөгийн 383 сургуулийг номын сантай болоход тусалж, сурах бичгийн үйлдвэрлэл хөгжин бий болоход суурь болсон. Дунд сургуулийн сурагчид өөрсдийн амьдралын талаар бяцхан ном бүтээж байсан нь тэдний бичиг үсгийн боловсролыг дээшлүүлж байлаа. (Видеог үзнэ үү)

ImageТөслийн төгсгөлийн баримт бичигт “чанарт анхаарал хандуулсан энгийн шинэлэг төслийг сайн зохицуулж, хэрэгжүүлж чадвал мэдэгдэм нөлөө үзүүлж чадна” хэмээн онцлон тэмдэглэсэн байдаг. Үнэхээр олон талын туршилт, бүтээлч сэтгэлгээ хосолсон энэ төсөл сурах бичигт ч, багш нарын сургалтад ч, сурагчдын амжилтад ч сайн нөлөөлсөн билээ.

Монголын эдийн засаг өсөн хөгжиж, мэдээллийн технологийн хэрэгцээ, хэрэглээ өсөн нэмэгдэж байлаа. 2000 оны эхний жилүүдэд мэдээллийн технологийн салбар жилд 25 орчим хувиар өсч байлаа. Хүн ам нь тархан суурьшсан дэлхийн цөөн улсын нэг болох Монголын хувьд мэдээллийн технологийн салбарын энэ өсөлт зөвхөн төвлөрсөн суурин газруудад л эдийн засгийн хувьд үр ашигтай байлаа. 2005 оны байдлаар хөдөөгийн 100 хүний нэг нь л гар утастай байсан. Мэдээлэл, харилцааны дэд бүтцийн хөгжлийн төсөл нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар хөдөөгийн хүн амыг гар утасны оператортай холбох зорилготой байсан. 2005-2013 оны хооронд Монголын бүх 360 сум гар утсанд холбогдож, интернэт хэрэглэх боломжтой болсон юм. Үүнээс 34 сум нь өндөр хурдны интернэтийн сүлжээнд холбогдсон. Сумын иргэдийн утасны ярианы минут 40 дахин өсч, сумын төвийнхний интернэт хэрэглэгчийн тоо 2006 онд 300 байснаа 2013 онд 12.000 болтлоо нэмэгдлээ. Энэ төслийн хүрээнд мэдээллийн технологийн бодлого болон зохицуулалтын орчин бүрдүүлж, хөдөө орон нутагт орох хөрөнгө оруулалтыг хөхиүлж чадсан. Ингэснээр мэдээллийн технологийн салбарын жилийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, 2005 онд 37.6 сая ам.доллараар хэмжигдэж байсан хөрөнгө оруулалт 2013 онд 395 сая ам.доллар хүрч өссөн. Мэдээллийн технологийн салбарын энэ тэлэлт хөдөөгийн хүн амын амьдралд ямар өөрчлөлт авчрав? Үүнийг видеогоос үзнэ үү.

Ийнхүү энэ хоёр төсөл хөдөөгийн хүн ам руу чиглэсэн бол хотын асуудал ч нэмэгдсээр байлаа. Хөдөө орон нутгаас нийслэл хот руу чиглэсэн их нүүдэл хотын гэр хорооллыг тэлж, үүнийг даган орчны ариун цэврийн асуудал санаа зовоож эхэлсэн. Гэр хороололд тулгарсан энэ асуудлыг шийдэхийн тулд “Мэдээлэл, боловсрол, харилцаа” гэсэн олон нийтийн хэлэлцүүлгийн хэлбэрийг ашигласан.

2006 онд төсвийн санхүүжилт болон ядуурлыг хэмжих чиглэлд хийж байсан ажлаа үргэлжлүүлсэн. Өмнө хэрэгжүүлсэн төсөлд суурилсан Засаглалыг дэмжих төсөл (GAP) нь төсвийн санхүүжилтийн менежмэнтийг сайжруулахад чиглэсэн. Төслийн хүрээнд төсвийн санхүүжилтийн менежмэнтийн үр ашиг, үр дүнг сайжруулах, ялангуяа өрийн менежмэнтийг сайжруулсан бөгөөд үүнээс урган гарсан Засгийн газрын санхүүжилтийн менежмэнтийн мэдээллийн системийн (GFMIS) хүрээнд бүх сумын төсвийн гүйцэтгэл, төрийн санг хянах болсон. Мөн энэ төсөл Монголын Засгийн газарт хүний нөөцийн менежмэнтийг сайжруулж, татварын тогтолцоог боловсронгуй болгож, санхүүгийн мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлсэн. GAP-ийн хүрээнд мөн Уул уурхайн кадастрын системийг компьютержүүлэхэд тусалж, ашигт малтмалын зөвшөөрлийг бүртгэлжүүлэх, зохицуулах функцийг бий болгосон.

Ядуурлын шинэ судалгаа хэвлэгдэн гарсан бөгөөд энд ядуурлын мөнгөн болон мөнгөн бус талыг томъёолсон. Мөн өрхөд суурилсан анхны судалгаанд үндэслэн ядуурлын анхны мэдээллийн баазыг бүрдүүлж, сонгон авсан салбарууд болох мал аж ахуй, боловсрол, эрчим хүч зэрэг салбарын ядуурлын хамаарлыг тодорхойлсон. Судалгааны дүгнэлтэд өгүүлснээр “ядуурлын мөнгөн болон мөнгөн бус үзүүлэлт аль аль нь ойрын жилүүдэд доошилжээ. Өрхийн түвшинд хийсэн судалгааны мөнгөн болон мөнгөн бус үзүүлэлтээр, мөн өөр бусад эх сурвалжийн мэдээгээр ядуурлын түвшин долоон хувиар унаж, 1998 оноос 2002 оны хооронд 43 хувиас 36 хувь руу буурсан” гэжээ. Хэдийгээр өрхийн түвшний судалгаа сүүлийн дөрвөн жил хийгдээгүй 2002-2005 оны хооронд ядуурал буурсаар байсан ч энэ үзүүлэлтэд болгоомжтой хандах хэрэгтэй. 1998-2003 оны хооронд амьдралын түвшин мэдэгдэхүйц дээшилсэн, эрчим хүч болон цэвэр усанд холбогдсон үзүүлэлт 50 хувиар өссөн, мөн өөрийн гэсэн өмчтэй хүний тоо хоёр дахин өссөн. Бага болон дунд сургуульд хамрагдагчдын тоо 10 хувиар өссөн юм.

Монгол улс Дэлхийн Банкинд нэгдсэний 25 жилийн үйл явцыг эргэн дүгнэн сэдэв рүүгээ буцахад Монгол улс шилжилтэд ядуурлаас илүүтэй анхаарсан. 2006 онд хийсэн Хүүхдийн мөнгөний хөтөлбөрийн үнэлгээгээр энэ хөтөлбөрийн зорилго, аргачлал нь огцом өсөлтийг өдөөж, төсвийн тогтвортой байдал нөлөөлөхөөр байсан юм.

Дараагийн удаа бид 2007 оныг авч үзэх бөгөөд нарны зайн гэрийн тухай ярина.

 


Authors

Jim Anderson

Lead Governance Specialist, World Bank

Join the Conversation

The content of this field is kept private and will not be shown publicly
Remaining characters: 1000