Published on Data Blog

Тоолоогүйг тоолсон нь – Малчин өрхийн судалгаагаар нэг ч хүнийг орхигдуулахгүй хамруулсан тухай

This page in:

Монгол оронд нийт хүн амын 28.4% нь ядуу амьдарч  байна.[1] Ядуурлын түвшин хөдөө орон нутагт илүү өндөр (31%) агаад таван ядуу хүний гурав нь малчин байна. Монгол Улсын нийт өрхүүдийн дөрөвний нэг нь бэлчээрийн мал аж ахуй эрхлэн амьдардаг. Нутгийн умард хэсэгт малчид хавар, зундаа худаг шанд, гол ус бараадан, бэлчээрийн соргогийг даган бууж, өвөл намартаа уул нуруудаа түшин улирлын чанартай нүүдэллэдэг. Ус ховортой өмнөд нутгуудад малчид илүү олон нүүх шаардлагатай байдаг.

 

bc61e875-cc55-4b94-94ad-92478b81c785@prod

Уламжлалт өрхийн судалгаа (Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа - HSES) нь байр сууцанд суурилан өгөгдөл цуглуулдаг тул энэ аргаар нүүдэлчин малчдыг судалгаанд хамруулах амаргүй байдаг байлаа. Түүнчлэн сүүлийн үеийн уур амьсгалын өөрчлөлт малчдын улирлын нүүдлийн шинж байдалд нөлөөлж байгаа нь бас шинэ хүндрэлийг авчирсан.

Статистикийн Чадавхийг Бэхжүүлэх Итгэлцлийн Сангийн зүгээс эдгээр бэрхшээлийг шийдвэрлэхээр ажиллаж байна. Малчин өрхийн туршин судалгааг 2019 оны 11 сард түүврийн шинэлэг аргачлалаар (RGCS: Газар зүйн санамсаргүй бүлэглэн түүвэрлэлт) тус сангийн техник, санхүүгийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн. Өрхийн уламжлалт судалгаанд бэлэн хаяг, бүртгэлээс санамсаргүй түүвэр хийдэг бол энэхүү туршин судалгаанд GPS-ийн тусламжтайгаар байршлуудыг санамсаргүй байдлаар сонгож, тэдгээр байршлыг тойруулан тодорхой зайны радиус татаж, тэрхүү радиуст байнга болон түр сууж байгаа өрхүүдээс ярилцлага авсан билээ. Газар зүйн санамсаргүй бүлэглэн түүвэрлэлт хэмээх энэхүү аргыг ашигласнаар тухайн цагариг дахь бүх өрхийг, тухайлбал байнгын хаяггүй малчин өрхүүдийг судалгаанд хамруулдаг давуу талтай. Газар зүйн мэдээллийн системээс усны үүсвэр, хот суурин хүртэлх зай, хүн амын нягтрал зэрэг өгөгдлийг авч ашиглан гурван тусдаа, харилцан үл давхцах бүлгэмдлийг туршин судалгаанд боловсруулан бэлтгэсэн. Нэгдүгээр бүлгэмдэлд малчин өрхүүд байх илүү  магадлалтай усны үүсвэрээс (худаг, нуур) 9 км-ийн радиус дахь хүн амыг хамруулсан. Хоёр дахь бүлгэмдэлд хот суурин газруудыг хамруулсан ба үлдсэн нь гурав дахь бүлгэмдлийг бүрдүүлсэн.

Эдгээр гурваас нийт 126 цэгийг санамсаргүй түүврийн аргаар хамруулсан ба тухайн газар зүйн цэгээс тодорхой зайн (2.1 км-т Бүлгэмдэл 1; 200 метрт Бүлгэмдэл 2; 4 км-т  Бүлгэмдэл 3) радиус дахь судалгаанд хамрагдах бүх өрхийг сонгосон. Судалгааны багийнхан сонгосон цагариг бүрт орон нутгийн хөтөч, GPS төхөөрөмжийн тусламжтайгаар бүх айл өрхөд хүрч ажиллан, ярилцлага авсан. Туршин судалгааг Булган аймгийн дөрвөн суманд (Гурванбулаг, Могод, Сайхан, Баян-Агт) хэрэгжүүлснээр 483 өрхөөс мэдээлэл амжилттай цуглуулав. Үүнд, өрхийн бүрэлдэхүүн, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлийн байдал, боловсролын түвшин, мал аж ахуй, нүүдэл, гэнэтийн хямралыг даван туулах арга барил зэрэг өгөгдөл багтав. Энэхүү судалгаанд бие хүний ярилцлагыг хийхдээ өгөгдөл цуглуулах ажиллагааны үр бүтээмж, чанарыг сайжруулахаар Survey Solutions нэртэй компьютерийн програмыг анх удаа ашигласан ба судалгааны баг, яам, агентлагуудад зориулж энэхүү программ, газар зүйн мэдээллийн системийн QGIS програмыг хэрэглэх сургалт зохион байгуулсан.

4 sums.jpg  1_2 3.jpgImage

Туршин судалгааны өгөгдлийг эдүгээ шинжилж, тайланг түгээхээр бэлдэж байна. Энэхүү судалгаа малчдын амьдралын талаар өмнө нь Монголд байгаагүй чухал статистикийн өгөгдлийг бүрдүүлж, улс орны иргэдийн амьдрал амьжиргаа ямар байгаа талаарх ойлголтыг өргөжүүлж, бодлого шийдвэрт хүн бүр, бүлэг давхарга бүрийг анхааран багтаах нөхцөл бүрдүүлнэ. Мөн тус судалгааны шинэлэг аргачлал, сургамж нь малчин, нүүдэлчин хүн амаасаа мэдээлэл цуглуулах адил төстэй сорил бэрхшээл бүхий улс орнуудад тустай мэдээлэл, нийтийн хүртээл болох юм.

 

Image

Энэхүү судалгаа нь мөн гар утсаар нэмэлт судалгаа авч, мал аж ахуй, нүүдэл  суудлын хэлбэр байдлын талаар илүү урт хугацааны өгөгдөл цуглуулах боломж бүрдүүлсэн билээ. Гар утсаар хийх судалгаа коронавируст халдвар (COVID-19)-аас үүдэлтэй хүндрэлүүдийн улмаас одоогоор хойшлогдоод байгаа хэдий ч бид ирэх саруудад гар утас ашигласан судалгаагаар цаг үеийн мэдээлэл, баримт цуглуулж, цар тахал, түүнээс хамгаалах арга хэмжээ өрхийн түвшинд нөлөөлсөн байдлыг ажиглах, сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд хэрэглэнэ гэж итгэж байна. Нөгөөтэйгүүр, анхны туршин судалгаагаар ярилцлага авсан өрхүүдээс хальж улс орон даяар өрхүүдийг санамсаргүй түүврийн аргаар судалгаанд хамруулан, коронавируст халдвар тэдгээрийн амьжиргаа, нийгмийн байдалд хэрхэн нөлөөлсөн талаар үндэсний хэмжээний иж бүрэн мэдээлэл авахыг зорьж байна. Статистикийн Чадавхийг Бэхжүүлэх Итгэлцлийн Сан статистик мэдээлэлд нэг ч хүнийг орхигдуулахгүй анхааран багтаах нөхцөл бүрдүүлэх үүднээс цаашид ч цаг үеийн дэмжлэг үзүүлнэ. Бид хамтдаа 2030 он хүртэл болон түүнээс цааш хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг цогцлоож чадна.

Статистикийн Чадавхийг Бэхжүүлэх Итгэлцлийн Сан III (TFSCB-III) нь Их Британий Олон Улсын Хөгжлийн Департамент,  Солонгос Улсын Засгийн Газар, Ирланд Улсын Гадаад Хэрэг Худалдааны Департаментын дэмжлэгтэй үйл ажиллагаагаа явуулдаг.


[1] Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа (HSES), 2018


Authors

Masako Hiraga

Senior Statistician/Economist, Development Data Group, World Bank

Ikuko Uochi

Senior Economist, World Bank

Join the Conversation

The content of this field is kept private and will not be shown publicly
Remaining characters: 1000