Монгол улс бол хоёр хүнд нэг километр квадрат талбай ногддог өргөн уудам газар нутагтай орон билээ. Энэ утгаараа төрийн үйлчилгээг хүргэхэд зарим талаараа амаргүй байдаг ч бодлого боловсруулах үйл явцад иргэдийн дуу хоолойг нэмэх замаар эрүүл мэнд, боловсролын салбарт төрийн үйлчилгээний үр дүнг сайжруулах боломжтой юм.
Энэ чиглэлээр Монгол Улсад тодорхой ахицууд гарч байна. Ил тод байдал, нийгмийн эгэх хариуцлага, иргэдийн оролцоог сайжруулахын тулд Монгол Улсын баримтлах тодорхой арга хэмжээнүүдийг тусгасан Нээлттэй Засаг Түншлэлийн Үйл ажиллагааны хоёр дахь төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд хамтран боловсруулсан. Засгийн газар мөн Дэлхийн Банк, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран олон нийтийн оролцоо ялангуяа нийгмийн ядуу, эмзэг бүлгийг чадавхижуулах зорилгоор нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэхээр ажиллаж байна.
Иргэдийн санал сэтгэгдэл
Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл хоёр үндсэн зорилготой. Нэгдүгээрт, иргэний нийгэм болон иргэдийн чадавхийг бэхжүүлэх, тэдний оролцоог дэмжих. Хоёрдугаарт, баримт нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад иргэдийн саналыг тусгах зэрэг нийгмийн эгэх хариуцлагын санаачилгыг туршин тогтвортой арга механизмуудыг бий болгоход дэмжлэг үзүүлэх юм.
“Төсөл нь иргэд болон төрийн байгууллагууд нийгмийн эгэх хариуцлагыг түгээх зорилгоор хэрэгжүүлсэн олон жилийн туршлага, шинэ санаачлага дээр үндэслэж байгаа юм. МУНЭХБ төслөөр дамжуулан бид нийгмийн эгэх хариуцлагыг бүх түвшинд институцчилэн бодлого болон үйл ажиллагаанд тусгах зорилготой,” гэж Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жэймс Андерсон хэлэв.
Нийгмийн эгэх хариуцлагын аргуудыг ашиглан эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг сайжруулахаар эхний ээлжинд 10 аймагт хэрэгжүүлсэн ажлууд үр дүнгээ өгч эхэлж байна :
- Увс аймагт эрүүл мэндийн салбар дахь эм, эмийн хэрэгслийн худалдан авах үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг тогтоож, тендер шалгаруулах боловсронгуй аргачлалыг санал болгосон. Ингэснээр эм, эмийн хэрэгслийн худалдан авалтын томоохон үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавихаар тусгайлан бэлтгэгдсэн иргэд оролцдог болж, үр дүнд нь эхний туршилтаар эмийн худалдан авалтад төлөвлөсөн төсвөөс 10 хувийг хэмнэж чаджээ.
- Хөвсгөл, Говьсүмбэр аймгийн иргэд орон нутгийн эрүүл мэндийн үйлчилгээний талаарх санал хүсэлтээ асуумж судалгаагаар дамжуулан хүргэх болсон ба эдгээр судалгаагаар эмч, эрүүл мэндийн ажилтны хандлага, харилцааны чадавх сул байгаа зэрэг асуудлыг онцолсон байна. Улмаар Эрүүл мэндийн яамнаас ёс зүйн хорооны үйл ажиллагааны шинэ журмыг баталж, мэргэжлийн ёс зүйтэй холбоотой гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх арга замыг илүү тодорхой болгон шинэчлэв.
- Санал гомдол авах шинэ аргачлалын тусламжтай төрийн үйлчилгээний хүртээмж, чанарт байсан доголдлыг олж тогтоож байна. Жишээлбэл, Хөвсгөл аймгийн төвд түр оршин суудаг 7,000 иргэд эрүүл мэндийн суурь үйлчилгээг бүрэн авч чадахгүй байгаа нь тогтоогдсон байна. Бусад аймгуудын хувьд хамгийн ихээр тулгамдсан сүрьеэ, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь мэдэгдэхүйц сайжирсны зэрэгцээ гуравхан сарын дотор эрүүл мэндийн тусламж үйлчилгээний сэтгэл ханамж 28 хувиар нэмэгдэв.
Эдгээр цөөн хэдэн жишээ нь Засгийн газар, иргэний нийгэм, иргэд хамтран ажилласнаар хөгжлийн үр дүнг илүү хүртээмжтэй, үр ашигтай болгох боломжтойг харуулж байна.
Төслийн хүрээнд нийгмийн эгэх хариуцлагын дэд төслийн хэрэгжилтэд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайланг энэ холбоосоор үзнэ үү.
“Энэ төсөл нь төрийн шийдвэр гаргах үйл явцын талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлж, иргэдийг төртэй үр бүтээлтэй хамтран ажиллах боломжийг хангаж байна. Монгол Улсын Засгийн газар нийгмийн эгэх хариуцлагыг нутагшуулснаар иргэд, иргэний нийгэм, төрийн байгууллагуудад хөгжлийн илүү үр дүнд хүрэхийн тулд хамтран ажиллах тогтвортой, таатай орчныг бүрдүүлнэ,” хэмээн Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ургамалын Бямбасүрэн хэлэв.
Эдгээр дэд төслүүдийн үр өгөөж, туршлагын үр дүнд, асуудал шийдвэрлэх явцад бүх оролцогч талууд хамтран ажиллах явдал манай улсын хувьд хэвшин тогтворжиж, орон нутгийн болон үндэсний түвшний бодлогын шинэчлэлд тусгалаа олно хэмээн найдаж байна. Бид цаашид гарах үр дүнгээ мөн энд тогтмол хуваалцах болно.
Танд мөн ниймгийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр хуваалцах туршлага, санал байгаа бол сэтгэгдэл үлдээх хэсэгт бидэнтэй хуваалцана уу.
Энэхүү нийтлэлийг Нээлттэй Засаг Түншлэлтэй хамтран нийтлэв.
Зохиогчид: Дэлхийн Банк Группын Засаглалын мэргэжилтнүүд Доржийн Амарбаясгалан, Акуина Кристина, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Дамбажавын Мөнх-Эрдэнэ
Join the Conversation