Хөгжлийн бэрхшээлтэй хүн нь уламжлалт ойлголтоор хамгийн эмзэг, гадуурхагдсан хүн амын бүлэгт орж ирсэн. Ковид-19 цар тахал нь хүн амын дундах тэгш бус байдлыг улам бүр дордуулаад байна. Ковид-19-өөс өмнө хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид үе тэнгийнхэнтэйгээ харьцуулахад сургуульд явахгүй байх магадлал аль хэдийн 2.5 дахин их байв. Сургуульд элсэн орсон ч тэдэнд тохирсон, хүртээмжтэй заах болон сургалтын материал хомс байх зэрэг өвөрмөц бөгөөд нэмэлт саад бэрхшээлтэй тулгардаг.
Дэлхийн банкнаас саяхан боловсруулан гаргасан “Мэдээлэл, харилцаа холбооны технологи (МХХТ)-ийн төлөв байдлын тойм судалгаа”-нд дурдсанчлан, МХХТ нь боловсрол дахь тэгш байдал, тэгш хамран сургалтыг сайжруулах, бүх суралцагчид, тэр дундаа ялгаа бүхий боловсролын тусгай хэрэгцээт сурагчид сургуульд хамрагдах, тэгш хамрагдан суралцах, амжилтанд хүрэх боломжийг баталгаажуулах хурдасгагч хэрэгсэл байх боломжтой юм. Хэрэглэгч төвтэй хэв загварт анхаарлаа төвлөрүүлж, эрх тэгш, шударга ёс, хүртээмжийг чухалчлах нь Дэлхийн Банкны EdTech аргын үндсэн зарчмуудын нэг (өргөн хүрээг хамарсан, бүх нийтэд зориулсан хэв загвар) юм. Дэлхийн банкны боловсролын төслүүдэд хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг тэгш хамруулан сургах тухай зааварчилгаа нь 1) талуудыг оролцоог хангах, 2) хөгжлийн бэрхшээлээр нь ангилсан өгөгдөл мэдээлэл цуглуулан, дүн шинжилгээ хийх, 3) тэгш хамарсан хэв загварыг бүтээх, 4) хяналт тавьж, тайлагнах зэрэг дөрвөн шалгуурт тулгуурладаг.
Гэсэн ч, технологийг хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг дэмжих зорилгоор ашиглах явдал нь тухайн улс орны нөхцөл байдалд тохирсон бүх нийтийн боловсролыг дэмжих боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэхтэй холбоотой улс төрийн тулгамдсан асуудалтай тэр бүр хамааралтай байдаггүй. МХХТ-ийн өртөг зардал өндөр тул энэ нь бага, дунд орлоготой улс орнуудад тэгш хамран сургах боловсролд МХХТ-ийг ашиглахад тээг учруулж буй томоохон саад бэрхшээлүүдийн нэг боловч, тэгш хамрагдалтыг дэмжих үйл ажиллагааг МХХТ-ийн нөөц, туслах технологиор хангах өртөг зардлын талаарх судалгаа шинжилгээ, нотлох баримт хомсхон байна.
Хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн боловсролын технологи (EdTech) нь бүгд нэг ижил үр дүнд хүрэх шийдэл байж чадахгүй. Үүнийг хийхийн тулд үнэлэх, төлөвлөх зайлшгүй шаардлагатайгаас гадна ялгаа бүхий хөгжлийн бэрхшээлтэй суралцагсдад шаардлагатай техник хангамж, программ хангамж, заах арга зүйн дэмжлэгийг мөн няхуур үнэлж, дүн шинжилгээ хийхийг шаарддаг. Төлөв байдлын судалгаанаас харахад, хөгжлийн бэрхшээлтэй суралцагсдын боловсролын хэрэгцээг үнэлэх, EdTech-ийн хүртээмжтэй, хэмнэлттэй шийдлүүдийг сонгох, худалдан авалт хийх талаар бодлого боловсруулагчдад зориулсан заавар, зөвлөмж цөөн байна. Тиймээс, ялангуяа бага, дунд орлоготой улс орнуудад тохирсон - хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулсан хүртээмжтэй EdTech-ийг өргөжүүлэхэд тулгарч буй гол хүндрэл бэрхшээлийг даван туулахад туслах тогтвортой санхүүгийн стратеги боловсруулах шаардлагатай байна.
Илүүтэй мэдээллээр хангагдсан, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах
Өгөгдөл мэдээлэл нь боловсролын системийн бүх түвшинд шийдвэр гаргах үйл явцын шийдвэрлэх ач холбогдолтой хэсэг байдаг. Тухайн ангид суралцаж буй суралцагчдын хэрэгцээг тодорхойлсноор багшийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр, агуулга, сурлагыг үнэлэх хэрэглэгдэхүүн, сургалтад ашиглах арга хэрэгсэл бэлтгэх, сургуулийн удирдлагын хүчин чармайлт, эцэг эхийн оролцоо дэмжлэг ямар байвал зохих талаар мэдээлэлтэй болдог. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг сургалтын үйл ажиллагаанд оролцуулахад шаардагдах тохирох хэрэглэгдэхүүнийг хангах ёстой. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг сургахад шаардагдах мэдлэг, ур чадвар бүхий багш нарыг бэлтгэж, сургахад зориулан системтэй хөрөнгө оруулалт хийж, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
МХХТ болон туслах технологийг хүртээмжтэй болгох
Үр дүнтэй, оролцоог хангасан EdTech бодлогыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хүртээмжтэй, оролцоог хангасан МХХТ-ийн шийдлүүд болон туслах технологид хөрөнгө оруулалт хийх үйл явцыг мэдээллээр хангахын тулд, Дэлхийн банкны Бүх дэлхийн боловсролын асуудал хариуцсан албанаас “Тэгш хамран сургах санаачилага” итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр “Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг технологийн тусламжтайгаар тэгш хамруулан сургах (TEDDIE)” үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлэх олон боломжит хэрэглэгдэхүүнийг боловсруулсан билээ.
TEDDIE нь 1) талуудын оролцоо, 2) МХХТ болон туслах технологийн зураглал, 3) багш/ажилтнуудын сургалт, 4) тэгш хамран сургах EdTech-ийн бодлогын төлөвлөлт, өртөг зардлын тооцоолол, төсөвлөлт, санхүүжилтийг дэмжих туслалцаа гэсэн дөрвөн өөр тулгуур ойлголтоос бүрддэг. TEDDIE-г одоогийн байдлаар бага, дунд орлоготой хоёр оронд EdTech-ийн өртөг зардлыг тооцоолох, эдгээр улс орны өвөрмөц нөхцөл байдалд нийцсэн тэгш хамран сургах боловсролын бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах нэмэлт арга хэмжээ болон бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилгоор тухайн орнуудын нөхцөл байдалд тохируулан ашиглаж байна. Тиймээс эдгээр хоёр улс оронд гарсан үр дүнд үндэслэн, TEDDIE нь янз бүрийн улс орны нөхцөлд хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг тэгш хамруулан сургах ажлыг дэмжихэд шаардлагатай мэдээлэл цуглуулах, боловсруулах, EdTech бодлогыг тэргүүлэх чиглэлээ болгох сонирхолтой шийдвэр гаргагчдад зориулсан хэрэгжүүлж болохуйц даян дэлхийн нийтийн бүтээгдэхүүн болох юм.
TEDDIE-гийн дараагийн алхам юу байх вэ?
Хэрэглэгдэхүүнээ туршсаны дараа гол үр дүн, авсан сургамжаа тайланд нэгтгэн дүгнэж, олон нийтэд нээлттэй болгоно. Уг тайланд туршилтад хамрагдсан улс орнуудад хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг тэгш хамран сургах боловсролын бодлогын одоо байгаа EdTech-ийн зураглал, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг тэгш хамран сургах үйл ажиллагаанд эдүгээ ашиглаж буй гол гол МХХТ болон туслах технологийн нөөцийн санг бий болгох, санхүүгийн өртөг зардлыг тооцоолох арга хэрэгслийг боловсруулах зэрэг асуудлууд багтана. Түүнчлэн, уг судалгааны гол үр дүн нь оролцогч талуудтай улс орны онцлогт тохирсон хэрэгцээ шаардлага болон түүнийг хангахын тулд хэрэглэгдэхүүнийг хэрхэн тохируулж ашиглаж болох талаар, мөн цаашид цар хүрээг нэмэгдүүлэхэд юу хийж болох талаар хийсэн ярилцлага, харилцан ярианы хүрээнд олж авсан чанарын мэдээлэл өгөгдөл дээр бас тулгуурлана.
TEDDIE-г ашиглахад шаардагдах мэдээлэл өгөгдлүүд
Үр дүнтэй шийдвэр гаргахад үнэн зөв, ач холбогдолтой өгөгдөл мэдээлэл шаардлагатай байдаг. TEDDIE-г нэвтрүүлэхээр сонирхож буй улс орнуудад суралцагчид болон тэдний нөхцөл байдлын талаарх шийдвэрлэх ач холбогдол бүхий өгөгдөл мэдээлэл хэрэгт болно. МХХТ-ийн төлөв байдлын судалгаанд дүрслэн үзүүлсэн “6Р-ийн хүрээ” нь тэгш хамруулан сургах EdTech бодлогыг төлөвлөх, төсвийг боловсруулахад шаардлагатай өгөгдөл мэдээллийн хүрээ юм:
- Хүмүүс (People): Мэргэшсэн багш нар бэлтгэгдсэн байх, захирлуудад дэмжлэг үзүүлэх; багшийн мэргэжил дээшлүүлэх, сурагчид, эцэг, эхчүүдэд дэмжлэг үзүүлэх.
- Бүтээгдэхүүн (Products): Тусгай программ хангамж болон техник хангамж зэрэг дижитал хэрэгслийн хөрөнгө нөөц (EdTech-ийн гарын авлагыг харна уу).
- Заах арга зүй (Pedagogy): Сургалтын тусгай хэрэглэгдэхүүн; төрөл бүрийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагсадтай ажиллах заах арга зүйн зааварчилгаа.
- Бодлого (Policy): Хөгжлийн бэрхшээлд зориулсан зохицуулах бодлого, тэгш хамран сургах үндэсний стратеги, институтийн чадавх болон гол оролцогч талуудад чиглэсэн зохицуулалтын бодлого
- Газар (Place): Суралцах орчны бэлэн байдал, цахилгаан эрчим хүч болон/эсвэл холболтын хүртээмжтэй байдлыг авч үзсэн дэд бүтцийн чанар.
- Хангамж (Provision): Тэгш хамран сургах боловсролын менежмент, мэдээллийн систем (БММС), санхүүгийн менежмент, худалдан авах ажиллагаа, ханган нийлүүлэлт, засвар үйлчилгээгээр дамжуулан хяналт тавих.
Дээрх мэдээлэл нь хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад чиглэсэн тэгш хамран сургах EdTech бодлогыг хэрэгжүүлэхэд шийдвэр гаргагчдад үр дүнтэй удирдамж чиглэл болж өгөх тул чухал ач холбогдолтой.
Хэрэв Та өөрийн улсад TEDDIE хэрэглэгдэхүүнийг туршиж үзэхийг сонирхож байгаа, эсвэл дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл TEDDIE багтай дараах хаягаар холбогдох боломжтой: inclusive_education@worldbank.org. Бидэнтэй холбоотой байж ямар өөрчлөлт гарч байгаа талаар мэдээлэл аваарай. Тус нийтлэлийг монгол хэл рүү орчуулж хянасан Б.Бадамханд, Г.Пагма, Л.Ариунзул нарт талархлаа илэрхийлье.
Join the Conversation